Б.Амартүвшин: Цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхэд түр оршин суугчаас байрны ордер шаардахгүй
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр цэцэрлэг, сургуулийн элсэлт болон түр оршин суухтай холбоотой гомдол саналын талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр "2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна. Үүнээс
- төрийн өмчийн 331 цэцэрлэг,
- төрийн бус өмчийн 322 цэцэрлэг байна.
Ерөнхий боловсролын 340 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа. Үүнээс төрийн өмчийн 182 сургууль, төрийн бус өмчийн 158 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болж байна.
Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн элсэлт 2022 оноос эхлэн цахим системээр явагддаг болсон. Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн бүртгэлийг хийж байгаа.
- Өнөөдрийн байдлаар 100,481 хүүхэд цэцэрлэгийн цахим бүртгэлдээ хамрагдсан байна.
- Нэгдүгээр ангийн элсэлтэд 36,016 хүүхдийн цахим бүртгэл хийгдсэн.
Иргэдээс ирж буй гомдол саналын дийлэнх нь түр оршин суухтай холбоотой байна. Үндсэн оршин суугчид цахимаар асуудалгүй бүртгэгдээд явна. Харин түр оршин суугчдыг түр оршин суугчаа нотлох нэмэлт бичиг баримт шаардаж байгаатай холбоотой гомдол санал байна.
Өргөдөл гомдлыг харахад зарим нэг байр, зарим нэг хаяг дээр хэдхэн хоногийн дотор маш олон хүүхдийг бүртгүүлэх гэсэн зөрчил байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

