Н.Ганибал: Н.Учралын Засгийн газрыг огцруулна. Нэг марзан сайдын гаргасан алдаа Монголын төрийн зовлон боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар Улсын их дэлгүүрийн урд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэд энэ долоо хоногт эхлүүлсэн "Өөрчилье, Бүтээе" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдтэй уулзаж, үнийн өсөлт болон түлш шатахууны асуудлаар эрх баригчдад хандан шаардлага тавьж буй. 

Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал "Өнөөдөр нөхцөл байдал яагаад хүнд болсныг эргэж харъя. Шатахуун түлш хомстож, үнэ нэмэгдсэн нь Засгийн газрын алдаатай буруу бодлого. 45 хоногийн нөөцөө яаж зохион байгуулж зөв зарцуулах вэ гэдэг бодлого тооцоо гаргадаг салбарын сайд нь буруу бодлого явуулснаас болж өнөөдрийн нөхцөл байдал руу оруулчихлаа. 

Наадмын дараа 10 хоног амрахад салбарын сайд Г.Дамдинням ард иргэдийг "амар, яв, хотоо чөлөөл, бензин хангалттай хүрнэ" гэсэн алиа марзан мэдэгдэл хийсэн. Шатахууны нөөцөө зөв авч үлдэж, иргэдээ амраах боломж байсан. Харамсалтай нь дарга нар өөрсдөө онгоц хөлөглөөд наадам хэссэн. Үүний үр дүнд шатахууны нөөцийн тасалдал бий болж, үнэ нь хоёр дахин өссөн. Засгийн газрын шатахууны үнийг өсгөх гэсэн бодлого байсан гэж хардаж байгаа. 

Монголын төрд сүртэй бичлэг хийсэн, алиа марзан байдлаар асуудалд ханддаг хэдэн дарга нартай боллоо. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад эцэг эхчүүд хүүхдэдээ хичээлийн хэрэглэл авч өгөхөд хүндрэл үүслээ. Нэг хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлдэхэд 500 мянган төгрөгийн зардал гарна. 2-3 хүүхэдтэй айл 1.5 сая төгрөг гаргах шаардлагатай болсон. Энэ мөнгийг иргэд маань хэрэглээний зээл авч ашиглаж байна. 

Цалингаараа амьдарч чаддаг дэлхийн улс орон зээл гэдэг сонголт байдаг. Өнөөдөр цалин, өрхийн орлого өөрсдийнх нь амьжиргаанд хүрэхгүй байгаа учраас зээл гэдэг хэрэгцээ болчихлоо. Тэгэхээр энэ бол төрийн бодлого буруу байна. Нэг сайдын марзан байдлаас болоод Монголын ард түмэн элгээрээ хэвтэх хэмжээний асуудал үүслээ. 

Хөдөө орон нутагт гүний худагтай малчид малаа услах бензингүй болсон. Улаанбаатараас амралтаараа очсон хүмүүс хөдөө орон нутгийн шатахуун түгээх станцыг хоосолчхоод хүрээд ирсэн. Тэнд үлдсэн хүмүүст өнөөдрийг хүртэл бензин очихгүй байсаар хүүхдээ сургуульд хүргэж өгөх боломжгүй болж байна. 

Наймдугаар сард үнийн өсөлтийн асуудал үүсээгүй. Долоодугаар сард инфляц 13 хувьтай гарсан, наймдугаар сард дахиад ч нэмэгдэх юм байна. 

Иймээс манай намын бүлгийн гишүүд Н.Учралын Засгийн газрыг огцруулна. Нэг марзан сайдын гаргасан алдаа Монголын төрийн зовлон боллоо. Энэ Засгийн газар ажиллах чадамжгүй байна. Тэвчиж болох зардлаа төсвийн тодотголоор оруулж ирсэнгүй. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болчихсон.

Дарга нар ард иргэдэд үнэнийг хэлдэг баймаар байна. Бүх бензинээ дуусгачхаад өнөөдөр татан авалт болохгүй байна гээд шатахууны хэдэн компанийг буруутгаж байгаа. Зарим шатахууны компани хэт даварсан. Монгол төрийн бодлогын дээр гараад асуудлаа тулгадаг байдал анзаарагдсан. Энэ Засгийн газрын бодлого буруу байна" гэв.