Л.Ганбат: Нэгдүгээр ангид элсэж буй 74,000 орчим хүүхэд эхний нэг сар сургуульдаа дасан зохицсоны дараа хичээл орно
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орно гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат хэллээ.
Тэрбээр "Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг явуулахад оршино. Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль байх зарчмыг баримталж 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх юм.
Энэ хичээлийн жил дөрвөн улиралтай болсон. Хот, хөдөөгийн сургуульд ялгаатай байдлаар боловсруулж бие даалт, цахим сургалтын долоо хоногийг бодитой хугацаанд тавьж өгсөн.
Бие даалтын долоо хоногийг
- Улаанбаатар хотын хэмжээнд өвөл арванхоёрдугаар сард ханиад томуугийн үеэр
- Орон нутгийн түвшинд мал төллөлтийн үеэр бие даалтын долоо хоногийг гаргаж өгнө.
Цагаан сарын долоо хоногийг сурагчдын бие даалтын долоо хоног болгож өв уламжлал, ёс заншилд суралцах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгснөөр энэ хичээлийн жилийн бүтэц онцлог оршиж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид маань шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.
2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэнэ.
Хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил хамгаалал, бүтээлч үйл ажиллагааны чиглэлийг тусад нь оруулж өгсөн.
Сурагчдын шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, бүтээлч сэтгэх зэрэг чадварыг хөгжүүлэх зорилгоор 1-5 дугаар ангийн түвшинд хоёр долоо хоногийн хугацаанд шатрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн шийдэл явагдаж байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

