Хотын дарга Б.Пүрэвдагвын удирдсан анхны хурлаар махны үнийг бууруулж, нөөцийн махыг нэмэгдүүлэхээр болов

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 10 цаг 08 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явуулав.

Энэ үеэр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ.

Мөн улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болов.

Харин нийслэлд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, дараагийн хурал дээр танилцуулах аж.

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр 2026 оны тавдугаар сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 2.3, цул махных 1.2 хувиар өсжээ.

Тодруулбал зах, худалдааны төвүүдэд хонины цул болон ястай мах нэг килограмм нь 26,000 гаруй, үхрийнх 32,000-37,000 төгрөгийг давсан үнэтэй байна.