Г.Дамдинням: 1.5 тэрбум ам.долларыг Монголын талын өгөөжид нэмэгдүүлэх ахиц гаргасан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг Рио Тинто групптэй хэлэлцээр хийлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын ахалсан менежментийн төлбөрийг бууруулах Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажлаа танилцуулсан.
Түлшний нэгдүгээр үеийн хүрээнд ярихад 2.2 тэрбум ам.долларын зардлыг бууруулж 1.5 тэрбум ам.долларыг Монголын талын өгөөжид нэмэгдүүлэх ахиц гаргасан. Хоёрдугаар үе шат нэмэгдэхэд энэ хэмжээний үр ашгийг Монгол Улсдаа авах тооцоолол гарч байна.
"Оюу толгой" төсөл үе шаттай. Хүдэрийн бүлэг ордын үйл ажиллагаа явагдах тусам манайд ашиг нь нэмэгдэнэ. Ерөнхий зарчим нь олон улсын жишигт хүргэх явдал.
Рио Тинто талаас нэмэлт үйлчилгээ үзүүлж байна гэсэн тодорхойлолтоор нэмэлт хоёр менежмент үйлчилгээний төлбөр авдаг байсныг 100 хувь бүрэн зогсоож байгаа.
Гуравдугаарт хэлэлцээр 2025 оны арваннэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн. Тэгэхээр энэ хэлцлийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэдэг тохиролцоонд хүрч чадсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
