Г.Дамдинням: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийн бэлтгэл ажил хийгдэж байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байгуулах ажлын явцын талаар танилцуулгыг өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр сонссон байна.
Уг төсөл нь Оюутолгойгоос том хэмжээний төсөлд тооцогдоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцлов. Төслийн газрыг тусгай хэрэгцээнд авах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгөөд байгаа ба хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр нь идэвхтэй үргэлжилж байгаа юм байна.
Мөн дотооддоо гангын хэрэгцээгээ бүрэн хангаж, өндөр чанарын ганг бусад улс руу экспортлох хүчин чадалтай гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалт Дархан-Уул аймагт хийгдэж байгаа юм. Уг ажлын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт дууссан бөгөөд материалаа ирүүлсэн оролцогчдыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм байна. Дархан-Уул аймгийн ИТХ 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжээд байгаа аж.
Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагджээ. Уул уурхайн үндсэн тэсэлгээний ажлын материал болох тэсрэх дэлбэрэх бодисыг импорт хийдэг боомтуудыг нэмэгдүүлэх, орж ирсэн бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
