Г.Занданшатар: Одоогийн улс төрийн тодорхой бус байдал Оюу толгой төслийн хэлэлцээрт нөлөөлж байна
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой төсөлтэй холбоотой Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн оны эцэст Рио Тинто группт захидал явуулсан. Нэгдүгээр сарын 15-нд ирсэн захидалд бидний тавьсан таван асуудлуудаар яриа хэлэлцээр өрнүүлэхээр хүлээн зөвшөөрсөн. Дөрвөн удаагийн яриа хэлэлцээр амжилттай явуулсан.
Монголын талын үр өгөөжийг 60 хувьд хүргэх, зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг хоёр дахин илүү буруулуулах, ногдол ашгийг энэ жилээс хүртэж эхлэх, Онтрэ ХХК-ийг Монгол Улсад ашигтай хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулах гэсэн таван шаардлага тавьсан.
Уулзалтын үеэр бидний тавьсан асуудлаар бүтээлч санал санаачилга гарч байсан. Одоогийн улс төрийн тодорхой бус байдал Оюу толгойн яриа хэлэлцээрт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг бид бодитой харж байна. Айлын талын өгч буй саналууд өөрчлөгдөж байгаа.
Оюу толгой компани усны төлбөр төлж байгаа. Жилд 17 сая тонн усыг бохирдуулдаг. Нийтдээ 153 сая куб метр усыг бохирдуулаад төлбөрөө төлөөгүй байна гэдэг акт тавиад, ажлын хэсгээс аудит оруулж ажиллаж байгаа. Дэлхийн усаа дахин ашиглах технологи 92 хувь хүрсэн. Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй байгаа учраас шинэ технологи нэвтрүүлэхгүй байна гэж үзэж ийм шаардлага тавьж байгаа. Долоо хоногийн өмнөх Засгийн хуралдаанаар хаалттай хэлэлцээд бүх асуудлаар чиглэл гаргачихсан. Энэ асуудал үргэлжлээд явна гэдэгт итгэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

