Германы Мюнхен хотод үргэлжилж буй жил тутмын олон улсын аюулгүй байдлын хуралд оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх долоо хоногт Оросын талтай хийх ээлжит яриа хэлэлцээний талаар сэтгэгдлээ өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцжээ.
Тэрбээр Швейцарын Женев хотод болох уг гурван талт уулзалтаас бодитой үр дүн хүлээж байгаагаа хэлсний зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа Украинаас буулт хийхийг “хэтэрхий олон удаа” шаардаж байгааг шүүмжилсэн юм.
“Ирэх долоо хоногт болох гурван талт уулзалт нухацтай, бодитой, бүх талуудад ашигтай байхыг бид үнэхээр их хүсэж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд заримдаа талууд огт өөр зүйлийн талаар ярилцаж байгаа мэт санагддаг” гэж Зеленский хэлжээ.
Тэрбээр цааш нь “Америкчууд ярианы үеэр буулт хийх сэдэв рүү үе үе эргэн ордог, ингэхдээ үүнийг зөвхөн Украинд хамаатуулж, Оростой хамаагүй мэт ярьдаг” гэж шүүмжилсэн байна.
Украин хэдийнээ өөрийн зүгээс буулт хийсэн, одоо Москвагийн хариу алхмыг хүлээж байгааг Зеленский энэ үеэр илэрхийлжээ.
Энэ он гарснаас хойш Абу Даби хотод гурван талт уулзалт хоёр удаа зохион байгуулагдсан ч тодорхой үр дүн гараагүй.
Дээрх уулзалтуудад оролцсон Оросын төлөөлөгчдийг цэргийн тагнуулын албаны дарга Игорь Костюков ахалж байсан бол Женевийн уулзалтыг Путиний зөвлөх Владимир Мединский ахлахаар болжээ.
Энэ өөрчлөлт нь Украины хувьд “гэнэтийн зүйл” байсан бөгөөд үүнийг Оросын тал ямар нэг шийдвэр гаргахаас зайлсхийж буйн илрэл байж болзошгүйг Зеленский анхааруулсан байна.
Өнгөрсөн онд болсон уулзалтуудад Оросын төлөөлөгчдийг Мединский ахлахдаа бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэхийн оронд Украины талд түүхийн хичээл заасаар дууссаныг ажиглагчид шүүмжилж байв.
Удахгүй дөрөв дэх жилийн ойтойгоо золгох гэж буй дайныг дуусгахад газар нутгийн асуудал гол саад болж байгаа.
Оросын тал одоогоор 2014 онд эзэлж авсан Крымийг оролцуулаад Украины газар нутгийн 20 хувьд хяналтаа тогтоогоод байна.
Дайныг зогсоохын тулд дорнод Украины аж үйлдвэрийн бүс болох Донбассыг бүхэлд нь шилжүүлж өгөхийг шаардаж байгаа. Одоогоор Оросын арми энэ бүс нутгийг бүрэн эзэлж чадаагүй байна.
Украины эрх баригчид уг шаардлагыг нь эрс эсэргүүцдэг юм.
Өмнөх гурван талт уулзалтын дараа Зеленский энэ зунаас өмнө дайныг дуусгах нөхцөлийг АНУ-ын тал тулгаж буйг мэдээлж байв.
Ирэх намар болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд Украины асуудал нөлөөлөхөөс Трампын засаг захиргаа болгоомжилж буй нь эндээс харагдаж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!