Өмнөд Солонгосын цанын хоёр тамирчин хориглосон вакс ашигласан гэх шалтгаанаар богино зайн цанын уралдаанаас хасагдсан болохыг Олон Улсын Цана, Сноубордын Холбоо (FIS)-ноос мэдэгджээ.
Тодруулбал Мягмар гарагт болсон гүйлтийн цанын богино зайн уралдааны урьдчилсан шатанд оролцох тамирчдын тоноглол, аюулгүй ажиллагааны шалгалтын явцад Өмнөд Солонгосын тамирчин Хан Дасом, Е Жин нарын цанын улнаас фторжуулсан вакс илэрсэн байна.
Фторжуулсан ваксыг хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх шалтгаанаар 2023 оноос цанын тэмцээнд ашиглахыг хориглосон аж.
Ийм ваксыг анх дарвуулт завины гулсамтгай чанарыг сайжруулах зорилгоор ашиглаж эхэлсэн бөгөөд 1980 оны сүүлээр өвлийн спортод ашиглах болсон юм.
Байгальд болон хүний биед удаан хугацаагаар хадгалагддаг учраас "мөнхийн" гэх тодотголтой химийн бодисын тоонд ордог ийм төрлийн ваксыг цаначид ашиглахдаа халаадаг нь тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг.
Тиймээс FIS 2019 оноос тэмцээний үеэр фторжуулсан вакс хэрэглэхийг хориглож эхэлсэн бөгөөд 2023-2024 оны улирлаас албан ёсоор дүрмийн заалтад оруулжээ.
Харин Өмнөд Солонгосын цанын холбооны төлөөлөгчид орон нутгийнхаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бидний өмнө нь оролцсон тэмцээнээр ийм төрлийн бодис илрээгүй. Цаныг үйлдвэрлэсэн газартайгаа зөвлөлдөж ямар алдаа гарсныг нь тодруулах болно" гэв.
Олимпын наадмаас хасагдсан анхны тамирчид тэд биш юм. Өнгөрсөн Даваа гарагт Японы сноубордын тамирчин Шиба Масаки хориотой вакс ашигласан шалтгаанаар тэмцээнээс хасагдсан юм.
Эх сурвалж: The Chosun
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!