Уншиж байна ...

"Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд хийн халаалтын систем суурилуулж, нүүрснээс салж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлж эхэлжээ. 

Энэ хүрээнд "Дулаан сургууль-Цэвэр агаар" хийн халаалтын нэгдсэн систем суурилуулах төслийн нээлтийн үйл ажиллагааг 117 дугаар сургуульд өнөөдөр зохион байгуулсан юм. 



Уг ажлын талаар НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул хэлэхдээ "Агаарын бохирдлыг бууруулж, утааг арилгах, янданг цөөлөх ажлууд үргэлжилж байна.

Манай дүүрэгт нийт долоон сургууль нүүрсээр халаалтаа шийддэг байсан. Одоо 117 дугаар сургууль газ руу шилжсэнээр зургаан сургууль үлдлээ. 

Өвлийн улиралд энэ сургууль сар бүр 20-30 тонн түлш шатаадаг байсан бол халаалтын систем газ руу шилжиж байна. Бид бүхэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг сургууль, цэцэрлэгээсээ эхэлж хийх ёстой. Энэ ажлыг хамгийн түрүүнд 117 дугаар сургуулиас хэрэгжүүлж байгаад баяртай байна" гэв. 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн "Улаанбаатар хотод ажиллуулж байгаа уурын зуухнуудыг газ руу шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд энэ ажил хэрэгжиж буй. Ирэх долоо хоногт хүүхдүүдийн хичээл эхэлнэ. Энэ үед манай ажлын албанаас багш ажилчдын өрөө, суралцаж буй хүүхдүүдийн анги танхимын халаалтад хяналт тавина. Янданг нь буулгасан мөртлөө ангиуд хүйтэн байж болохгүй. 

Цаашдаа Улаанбаатар хотын уурын зуухыг бүгдийг нь буулгая. Утааг үүсгэж буй гуравхан л асуудал бий. 

  1. Айл өрх
  2. Уурын зуух
  3. Автомашины утаа буюу дандаа хүний хүчин зүйлээс хамааралтай. 

Энэ жил утаа буурсан, буураагүй гэж хүмүүс янз янзаар ярьж байна. Бид лабораторийн шинжилгээний дүнд үндэслэж, хэмжилтийнхээ багажид итгэж байгаа. Утааг 100 хувь байхгүй болгоно гэж хэлээгүй.

Арванхоёрдугаар сарын эхэнд гаргасан мэдээгээр утаа 23 хувь буурсан хэмжилттэй. Харин одоогийн нөхцөл байдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 30 орчим хувиар багассан. Утааг алга болгоно гэж хэлээгүй, багасгаж байгаа.

Зарим хэвлэлийнхэн "Энэ багажид чинь итгэхгүй байна" гэж хэлсэн ч удаатай. Эмч ирж биеийг чинь чагнаж үзээд "Даралт чинь ихэссэн байна" гэвэл "Үгүй ээ, энэ багажид итгэхгүй. Намайг өөр багажаар үз" гэдэггүй шүү дээ. 

Яагаад ус, цаг уурт байгаа багажид итгэхгүй, яагаад суурин станцдаа итгэхгүй байгаа юм бэ. Хэдийгээр үл итгэлцэл бий болж байгаа ч бид утааг бууруулах ажлаа шантрахгүй хийнэ. 

Ирэх жилдээ уурын зуухны утааг багасгаж, цаашид орон сууц, дэд бүтэц бүрэн хангагдтал зайлшгүй хагас кокс түлэх л ёстой" гэв. 

"Gascom" компанийн төлөөлөл "Манай компани 2018 онд агаарын бохирдлыг бууруулах хийн шийдэл төслийг эхлүүлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийн байдлаар 45 дахь газын хийн халаалтын системийг амжилттай суурилуулаад байна. 

Бид өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Япон, Солонгос, Европын өндөр технологиудыг нэвтрүүлсээр ирсэн. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжилтээр 25 байгууламжид хийн халаалт нэвтрүүлсэн.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль нүүрснээс салж, цэвэр орчинд цэвэр агаартай сургууль болох боломж бүрдэж байна" гэлээ.