Уншиж байна ...

"Сэлбэ 20 минутын хот нь сургууль, цэцэрлэгтэй байхаас гадна Улаанбаатар хотын хаана ч байхгүй хамгийн том ногоон бүстэй байна"

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 40 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. 

“Сэлбэ хот” нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй, 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт юм. Тус төсөл ашиглалтад орсноор тухайн дэд төв нь 45-50 мянган байнгын оршин суугчтай болж, өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал бүхий эдийн засгийн шинэ экосистем бүрдэх тооцоолол гараад байгаа аж. 

Хорин минутын хот нь дараах зургаан зүйл дээр төвлөрч хэрэгжиж байгаа юм байна. 

  1. Амьдрах орчин буюу орон сууц
  2. Ажиллах орчин буюу ажлын байр 
  3. Худалдаа үйлчилгээ буюу дэлгүүр, зах 
  4. Эрүүл мэнд боловсролын үйлчилгээ 
  5. Соёл, амралтын орон зай 
  6. Тээврийн хүртээмж 

"Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэгдүгээрт тавина. Нэг олон улсын болон хувийн сургуулийг орох саналыг тавьж байгаа"

Түгжрэлийн нэлээдгүй хувийг сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх хөдөлгөөн эзэлж байгааг судалгаа харуулж байдаг учир Сэлбэ 20 минутын хотод сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэгдүгээрт тавина. Сонголттой байх нөхцлийг бүрдүүлж нэг олон улсын болон хувийн сургуулийг орох саналыг тавьж байгаа гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төслийн гүйцэтгэл 21 орчим хувьтай явж байгаа ба нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ болон төрийн үйлчилгээ,  орон сууцны хэсэг, олон нийтийн хэсэг гэсэн хэсгүүдэд бүтээн байгуулалт хийгдэх юм байна. 

Одоогийн байдлаар 113 блок орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа ба эхний ээлжийн орон сууц 2027 оны тавдугаар сард ашиглалтад орохоор ажиллаж байгаа юм байна. Орон сууцны дундаж талбай нь 61.72 мкв байна. 

Түүнчлэн орон сууцнаас гадна гурван бүсэд 15.17га газарт амины сууцны бүсийг байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Сэлбэ хот нь Улаанбаатар хотын хаана ч байхгүй хамгийн том ногоон бүстэй хот болох юм байна.