Уншиж байна ...

НАСА өвдсөн сансрын нисэгчээ хугацаанаас нь өмнө дэлхийд буцаах асуудлыг судалж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад ажиллаж буй дөрвөн сансрын нисэгчийн нэгийнх нь эрүүл мэнд муудсан тул эрт буцаах асуудлыг НАСА судалж эхэлжээ.

Нэрийг нь дурдаагүй багийн гишүүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа ч саяхан задгай сансарт ажиллуулах гэж байснаа эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн мөчид цуцалсан юм байна.

Тиймээс одоо НАСА-гийн аюулгүй ажиллагааны менежэрүүд Crew 11 багийн бүх дөрвөн гишүүнийг хугацаанаас нь нэг сарын өмнө дэлхийд буцаах боломжийг судалж эхэлжээ.

Ингэвэл тэдэнтэй хамт байгаа өөр багийн гурван гишүүн тойрог замын станцад үлдэх юм байна.

“Аюулгүй байдал бидний хамгийн тэргүүний зорилт тул бид Crew 11 багийн гишүүдийг төлөвлөгөөнөөс нь өмнө буцаах хувилбарыг оролцуулаад бүх боломжийг судалж байна” гэж НАСА-гийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.

Пүрэв гарагт тус багийн хоёр гишүүн задгай сансарт ажиллах хуваарьтай байсан ч нэг гишүүний эрүүл мэнд муудсан шалтгаанаар өмнөх өдөр нь цуцалсан юм.

“Лхагва гарагийн үдээс хойш тойрог замын станцад гарсан багийн гишүүний эрүүл мэндийн асуудлыг бид хянаж байна. Хувийн мэдээллийг нууцлах үүднээс гишүүний нэрийг зарлах боломжгүй” гэж НАСА мэдэгджээ.

Crew 11 багийн дөрвөн гишүүн нь АНУ-ын Зена Кардмэн, Майк Финке, Японы Кимия Юи, Оросын Олег Платонов нар юм.

Тэд 2025 оны наймдугаар сард SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр тойрог замд хүрсэн бөгөөд тэнд зургаан сар ажиллаад 2026 оны хоёрдугаар сард буцах төлөвлөгөөтэй байжээ.

Тэднээс гадна одоо тойрог замын станцад АНУ-ын Крис Уиллямс, Оросын Сергей Куд Сверчков, Сергей Микаев нар байгаа юм.

Crew 11 багийнхны гүйцэтгэх үүргийг нэгээс нь салгах боломжгүй тул тэдний ажлыг эрт дуусгаад буцаах хувилбарыг судалж байгаа юм байна.

Олон Улсын Сансрын Станцад эмчилгээний анхан шатны багаж хэрэгсэл байдаг бөгөөд хэн нэгэн өвдсөн тохиолдолд дэлхий дээр байгаа эмч нар видео холбоогоор зөвлөх, зааварлах арга хэмжээ авдаг.

 

Эх сурвалж: BBC