Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцын талаар өнөөдөр холбогдох албаныхан болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд газар дээрээс нь мэдээлэл өгөв.
Голын эргийн тохижилтыг "Сила Монголиа" ХХК гүйцэтгэж байгаа бол үерийн хамгаалалтын байгууламжийг "Билгүүн Монгол констракшн" ХХК барьж байгааг тодотгов.
"Билгүүн Монгол констракшн" ХХК-ийн хувьд Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг дуусгажээ.
Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила Монголиа" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50%-д хүрчээ. Натурын гүүрнээс хойших явган хүний замыг тавих, далангийн хоёр талын газар шорооны ажлыг дуусгасан тул дулаартал буюу гуравдугаар сарын 1-нийг хүртэл ажлаа түр зогсоож байгааг тус компанийн инженер мэдээллээ.
Түүнчлэн Сэлбэ голоос Натурын гүүр хүртэл тэрэгтэй хүүхэд, скүүтэр, тэргэнцэртэй иргэд шууд хүрэхэд саадгүй налуутай, металл хийцтэй явган хүний гүүрийг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд Натурын гүүрний дөрвөн талд орц, гарц гаргаж өгөх юм байна. Харин үерийн түшиц ханыг металл фасадаар доторлох гэнэ.
Гуравдугаар сараас тохижилтын ажлыг үргэлжлүүлж, зургаадугаар сард Сэлбэ голын далангийн тохижилтыг дуусгахаар төлөвлөжээ.
Иргэдэд Сэлбэ голын тохижилтыг илүү гоё болгох санаа байгаа бол хэлэх боломжтойг хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр онцлов.
НЗД-ын нэгдүгээр орлогчийн мэдээлснээр энэ онд Улаанбаатар хотод явган болон унадаг дугуйтай хүн явах замыг хүртээмжтэй болгож, зөвшөөрөлгүй хашаа, хаалтуудыг буулгаж, нийтийн эдэлбэр газруудыг нэмэгдүүлэх аж.
Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилт болон үерийн хамгаалалтын далан дагуу хийгдэх тохижилтын ажлын төсөв:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!