Уншиж байна ...

Терри Розьер бооцооны хэрэгт буруугүй гэдгээ мэдэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 23 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-ийн "Майами Хит" багийн хамгаалагч Терри Розьерийг бэт буюу спорт бооцооны хэрэгт буруутгаж буй.

Тэгвэл Даваа гарагт АНУ-ын Нью-Йорк хотод болсон шүүх хуралд 31 настай хамгаалагч эр өөрийг нь буруутгаж байгаа хэрэгт буруугүй гэж мэдэгджээ. Т.Розьер болон энэ хэрэгт холбоотой гэгдэж байгаа Дениро Ластер нарыг өнгөрсөн аравдугаар сард Холбооны Мөрдөх Товчоо (FBI)-ноос явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилсан юм.

Улмаар Т.Розьер $3 сая, Д.Ластер $50,000 барьцаа төлж суллагдсан билээ.

АНУ-ын хууль сахиулагчид Т.Розьерийг Д.Ластер болон хэрэгт холбоотой бусад хүмүүсийн оролцоотойгоор өөрийнхөө эсрэг бооцоо тавьсан гэж буруутгаж байгаа юм. Тодруулбал Т.Розьерийг "Шарлотт Хорнетс" багт тоглож байхдаа нэг тоглолтын үеэр бэртээд "суух" тул өөрийнхөө үзүүлэлтийн эсрэг бооцоо тавьж $200,000 ашиг олсон гэж үзжээ.

NBA-гийн зүгээс Т.Розьерийг бооцооны хэрэгт холбогдсон байж магадгүй гэж 2023 онд шалгаж байсан боловч нотлох баримт олдоогүй юм.

Түүнийг 2023 оны гуравдугаар сарын 23-нд болсон тоглолтын үеэр их хэмжээний бооцооны хэрэгт буруутай байж магадгүй гэж сэжиглэж буй. Энэ тоглолтод тэр 10 минут тоглоод хөлдөө зовуурь мэдэрсэн тул тоглолтыг цааш нь үргэлжлүүлээгүй аж. Спорт бооцооны сайтуудын мэдээлснээр энэ тоглолтод түүний хувийн үзүүлэлт "under" буюу бооцооны сайтуудын өгөгдсөн дүнд хүрэхгүй гэсэн бооцоо их байсан гэнэ.

Уг хэргийн дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 3-нд товлогджээ. Т.Розьер болон Д.Ластер нарын өмгөөлөгчид уг хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргахаар төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Т.Розьерийг хэрэгт холбогдсоны дараа лигийн зүгээс цалингүй чөлөө өгсөн юм. Тэгвэл тоглогчийн зүгээс уг асуудлаар спортын арбитрын шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 17-нд шүүх хурал болохоор төлөвлөжээ.