Уншиж байна ...

"Торгуультай холбоотой харилцаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай ирэх жил хамтарч ажиллана"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл 2026 оны үйл ажиллагааныхаа зорилтын нэг хэсгийг хувийн ААН, байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгож зарлажээ. Энэ хүрээнд хэрхэн ажиллах талаараа хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

  • Эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Тухайлбал барилгын зөвшөөрөл авахад гурав дараалж очих хэрэгтэй болдог. Энэ мэт үе шат, дамжлагыг аль болох цөөлнө.
     
  • Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн мэдээллийг боловсруулаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд өгч, датагаа хуваалцдаг болно. Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана.
     
  • Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана.
     
  • Ирэх жил хотын нийт хөрөнгийг үнэлнэ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжуудыг эрэлхийлнэ. Ирэх жил торгуультай холбоотой харилцаан дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн, урьдчилсан хэлэлцээрүүд хийгдээд дууссан.
     
  • Улаанбаатар хот хувийн секторуудад дутагдаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлыг арилгах, санхүүгийн зах зээл дээр тоглогч болж ажиллана. Хотын эдийн засаг тэлэхийн хэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ.
     
  • Бүх ажлыг хувийн секторуудад өгье гэх хүмүүс байдаг. Гэтэл хувийн секторуудад ажиллах хүч, бизнес эрхлэхэд эрчим хүчний хангамж, техникийн нөхцөл хүндэрч байгаа асуудал тулгардаг. Мөн мөнгөн хөрөнгийн асуудлууд бий. Тийм болохоор татаастай явдаг салбаруудыг төр өөрөө авч явахаас өөр аргагүй байдаг. Үүний нэг нь нийтийн тээвэр. Нийтийн тээврийн салбарт 300 тэрбум төгрөгийн татаас өгдөг.
     
  • Нэг дүүргээс бусад дүүрэгт хот, нийтийн аж ахуйн салбарыг хувийн аж ахуйн нэгжид шилжүүлээд явж байна. Нарийн технологи шаардсан салбарт тендер зарлахад ААН орохгүй байх асуудал гардаг. Жишээ нь Баянзүрх дүүрэгт шатсан 207 дугаар байрыг нураах ажлын тендерийг хэд хэдэн удаа зарласан. Энэ мэтчилэн асуудлуудад уян хатан хандаж, бодит нөхцөлийг зөвөөр дүгнэж, шалтгааныг олж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой байна гэв.