Улаанбаатар хотоос гадна улсын хэмжээнд 400 гаруй суурин газар лагийг булж эсвэл ил задгай хаядаг нь агаар орчин, хөрс усны бохирдлыг их хэмжээгээр үүсгэдэг байна.
Манай улсад ашиглаж байгаа лагийг байгалиар хатаах арга нь агаар, хөрс, орчны бохирдлыг үүсгээд зогсохгүй хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд 40 орчим мянган ам.метр талбайд Лаг хатааж, шатаах үйлдвэрийг ирэх онд барихаар төлөвлөжээ.
НЗД-ын орлогчийн танилцуулснаар тус үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай хамт барих асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан ч хэрэгжээгүй байна. Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинэчилж, төсөвт өртгийг 140 орчим сая ам.доллар байхаар тооцоолж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулжээ.
Олон улсад лаг шатаан боловсруулах, ингэхдээ эрчим хүч, барилгын хог хаягдал гаргаж авах зэргээр ашигладаг байна. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах хүчин чадалтай бол лаг хатааж, шатаах үйлдвэр барьснаар хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгах боломж бүрдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!