Нийслэлийн төсөв хэлэлцэж буй цаг үетэй холбогдуулан Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ болон санал зөвлөмжийг танилцууллаа.
Тус байгууллага нь 2023 оноос хойш "Төсвөө мэдье, төсвөө мөшгөе" гэх компанит ажлаа хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн есөн дүүргийн төсөв болон Улсын төсвийг хянаж төсөвт иргэд, залуучуудын оролцоог хангах чиглэлд ажиллаж байгаа аж.
Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Засаг Дарга болон НИТХ-ын дарга нарт нийслэлийн төсвийн төслийг хуваалцах тухай албан бичиг явуулсан ч одоогоор хуваалцах боломжгүй ulaanbaatar.mn сайтаас авна уу гэсэн хариуг өгсөн байна. Гэвч одоог хүртэл нээлттэй байршаагүй байгаа аж.
Монголын Залуучуудын Эвсэл ТББ нь нийслэлийн хэвлэлээс төсвийн төслийн мэдээллийг аваад байгаа ба дараах дүн шинжилгээг хийжээ.
Нийслэлийн төсвийн төслөөр 4 их наяд 637.5 тэрбумыг төсөвлөсөн ч төсвийн зардал нь 5 их наяд 866 орчим тэрбум байгаа аж. Одоогийн төсөвлөсөн төсөв нь алдалтайгаас гадна өнгөрсөн оныхоос 9.4 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Энэ талаар Монголын Залуучуудын Эвсэл ТББ-ын дэд захирал З.Энхбаяр дараах мэдээллийг танилцууллаа.
- Нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдийн саналыг тусгасан гэж байгаа боловч E-Mongolia дээр ямар асуулга явсан зэрэг нь тодорхойгүй байна.
- Нийслэл нь хэвлэл мэдээллийн зардалд 750 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ их хүний ажиллуулж байгаа ulaanbaatar.mn сайтын шилэн данс цэсэд төсвийн тухай мэдээлэл байхгүй байна.
- 2026 оны нийслэлийн төсвийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгайлсан 44.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгааг тодруулах шаардлагатай.
- Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Улсын төсөв дээр ч энэ төсөв тавигдсан байдаг. Энэ төсөв нь 2022 оноос хойш нийслэлд тавигдаж байгаа бөгөөд 2022 онд ₮13 тэрбум, 2023 онд ₮14.4 тэрбум, 2024 онд ₮19.4 тэрбум, 2025 онд ₮54.4 тэрбумыг төсөвлөсөн буюу жил ирэх тусам төсөв нь өсөж байгаа ч гэмт хэргийн тоо яагаад буурахгүй байна вэ? Тухайлбал гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн тоо 2022 онд 24,310, 2023 онд 24,000, 2024 онд 32,000 зэргээр өссөн байна. Иймд уг төсвийн зарцуулалтын үр нөлөөг хянах шаардлагатай байна.
- Нийслэлийн 2026 онд хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн чанарын болон тоон үзүүлэлтийг хэмжих нэгж нь өсөх буурах хувьчилсан нэгж бус үнийн дүнгээр тавьчихсан байгаа нь учир дутагдалтай байна. Жишээлбэл Нийслэл олон нийттэй нээлттэй байх, түргэн шуурхай байх гэсэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чанарыг дараа нь яаж хэмжих вэ гэдэгт үнийн дүн тавьчихсан байна.
"Нийслэлийн мега төслүүдийн тухай нарийвчилсан мэдээлэл бус Засаг дарга тэнд очиж ажиллаа гэсэн ерөнхий мэдээллүүд л орж байна"
- 2023 оноос хойш Нийслэлийн төсөвт давтагдаж буй үр ашиггүй зардал нь нийтийн эзэмшлийн байр, орон сууцны лифт, фасадыг засварлах зэрэг байна. Энэ нь магадгүй НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн тойргийнхоо орон сууц, хувийн эзэмшилд байгаа зам талбай, хуучны байруудыг дулаалах төсөв нь нийслэлийн төсвөөс гарах ёсгүй юм. Гэвч зориулалтын бусаар гарсаар л байна.
- Нийслэлийн 24 мега төслийг зарласнаас чанарын шаардлага хангахгүй ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаагүй байгаа төслүүдэд их хэмжээний мөнгөн дүн тавиад хэрэгжүүлнэ гээд явж байна. Уг төслүүд одоо ямар түвшинд явж байгааг харах ulaanbaatar.mn сайт дээр Мега төсөл 2024 цэс ажиллаж байгаа. Гэвч нарийвчилсан буюу төсөл ямар чиглэлээр хэрхэн явж байгаа. ТЭЗҮ нь хэдэн хувьтай явж байгаа зэрэг мэдээллүүд орох ёстой ч иргэдийг төөрөгдүүлсэн буюу Засаг дарга тэнд очиж ажиллаа гэсэн ерөнхий мэдээллүүд л орж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!