Уншиж байна ...

Оросын “сүүдрийн флот”-ын гурав дахь хөлөг Африкийн эргийн ойролцоо халдлагад өртжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын газрын тос тээвэрлэгч хөлөг баруун Африкийн Сенегал улсын эргээс холгүй дэлбэрэлтийн улмаас гэмтсэнийг эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь сүүлийн хэдэн өдрийн дотор Оросын “сүүдрийн флот” гэгчид харьяалагддаг гурав дахь хөлөг халдлагад өртсөн тохиолдол болж байна.

Өрнөдийн хориг арга хэмжээнээс зугтаж, Оросын газрын тосыг гадаадад экспортлох ажлыг гүйцэтгэдэг хөлөг онгоцнуудыг “сүүдрийн флот” гэж нэрлэдэг.

“Mersin” нэртэй тээвэрлэгч Сенегалын нийслэл Дакар хотын ойролцоо далайн усанд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн орой хөвж байх үед гадна талд нь дөрвөн удаагийн дэлбэрэлт болсныг хөлгийг эзэмшигч Besiktas Shipping компани мэдээлжээ.

Үүний улмаас хөлгийн хөдөлгүүрийн хэсэг усаар дүүрсэн байна.

Гэхдээ хөлгийн багийн гишүүд эсэн мэнд, газрын тос далайн усанд алдагдаагүйг тус компани мэдээлжээ.

Панамын далбаан дор ажилладаг “Mersin” хөлөг энэ онд хэд хэдэн удаа Оросын боомтуудад очиж байсныг Kpler салбарын судалгааны компанийн бүртгэл харуулж байна.

Хөлгийн эвдэрсэн хэсэгт нэвтэрсэн их хэмжээний усыг шавхсаны дараа эрэгт чирч хүргэснийг Сенегалын боомтын захиргаа мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “сүүдрийн флот”-ын Кайро, Вират нэртэй хоёр тээвэрлэгч хөлөг Турк улсын эргийн ойролцоо Хар тэнгист зорчиж байхдаа халдлагад өртсөн билээ.

Украины тусгай албад үүнийг өөрийн үйлдвэрийн “Sea Baby” тэнгисийн дроноор үйлдсэнээ хүлээсэн юм. Ачаагүй хоосон зорчиж байсан хөлгүүд уг халдлагын улмаас ноцтой гэмтэж, ашиглалтаас гарсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg