Уншиж байна ...

Томуу, томуу төст өвчлөл их байгаа ЕБС-ийн бага ангийн сурагчид ирэх Даваа гарагаас ЦАХИМААР хичээллэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн зарим сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болж байгааг Боловсролын сайд П.Наранбаяр төрийн ордонд өгсөн мэдээлэлдээ дурдав. Гэхдээ энэ нь томуу, томуу төст өвчний халдвар их байгаа сургуулиудад хамаарна гэдгийг онцолсон юм.

Одоогоор нийслэл хот болон Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Баян-Өлгий аймагт томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлттэй байна.

Хичээл сургалтын тасралтгүй үйл ажиллагаатай холбоотой асуудал Засгийн газрын тэмдэглэлээр баталгаажсан бөгөөд Боловсролын сайдын тушаал өнөөдөр албажиж гарах аж.

Харин сурагчдын амралтыг хөдөлгөхгүй. Хуваарийн дагуу бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас, дунд болон ахлах ангийнхан 22-ноос амарна.

Хэдийгээр Боловсролын сайд П.Наранбаяр хэвлэлд удаа дараа мэдээлэл өгч байгаа боловч 15:55 цагийн байдлаар тушаал нь албажиж гараагүй хэвээр байна. 

Тушаал нь албажиж гарснаар Даваа гарагаас ямар сургуулиудын бага анги цахимаар буюу зайнаас хичээллэх нь тодорхой болох юм.