Уншиж байна ...

"Энэ долоо хоногт томуугийн өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрэв буурахгүй бол ирэх долоо хоногоос цахим хэлбэрт шилжүүлнэ" гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор сурагчдын өвлийн амралтын хугацааг урагшлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Улсын хэмжээний эрсдэлийн үнэлгээгээр энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд томуу, томуу төст өвчний дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор урагшлуулах эсвэл цахим хэлбэр рүү шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүйгээ илэрхийллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр "Арванхоёрдугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм" гэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болголоо.

Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэх тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.

Г.Занданшатар "Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж, зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя" гэлээ.