Япон улсын Ёокохама хотноо арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд "Азийн ухаалаг хотын хурал 2025" арга хэмжээ зохион байгуулагдаж, нийслэлийн засаг даргын орлогч болон ерөнхий архитектор нарын төлөөлөл оролцож байгаа аж.
Улаанбаатар хотод хамгийн олон удаагийн зээл, буцалтгүй тусламжийг олгодог Азийн Хөгжлийн Банкны удирдлагууд уг арга хэмжээнд оролцох үеэр Хүннү хотыг хөгжүүлэхэд 100 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг 2027 онд авах хэлэлцээрийг амжилттай болгох талаар ярилцлаа хэмээн нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээллээ.
Улаанбаатар хотод Ёокохама хотын сайн туршлагуудыг нэвтрүүлэхээр судалж байгаа бөгөөд тухайлбал том төслүүдийг төсөвтөө багтааж, хугацаанд нь хэрэгжүүлэх туршлагыг нэвтрүүлнэ гэж ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танилцуулав.
Түүний танилцуулснаар Ёокохама хот нь Токиотой ойрхон дагуул хот, 3.4 сая хүн амтай. Үнэтэй, том том оффисоор хүрээлэгдсэн, алхахад таатай, дугуйн болон явган хүний замыг өргөн чөлөөнүүдийг байгуулснаар амьдрахад хамгийн таатай хот гэж нэрлэгддэг байна. Далай дээр хог хаягдлаар хиймэл газар байгуулж, өндөр барилгууд, үнэтэй оффисууд барьжээ.
Түүнчлэн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах туршлагатай хот бөгөөд өглөө хүмүүсийг сэрэхээс өмнө буюу 05:00 цагт хогоо цуглуулж дуусгах туршлагыг Африкийн хотуудад хэрэгжүүлсэн байна.
Арга хэмжээний үеэр хүнсний хогийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, дулааны энергийг гаргадаг барилгын шилэн фасад, автомат гэрлэн дохионы тооцоолол хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг гадаадын ААН-үүд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!