ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гол, нуурын мөс цөмөрсний улмаас дөрвөн машин живжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгаа энэ үед мөс цөмөрсөн тухай хоёр дуудлага, мэдээлэл онцгой байдлын байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд бүртгэгджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Цэнгэл нуурын мөсөн дээгүүр зургаан зорчигчтой гурван автомашин нуурын мөсөнд цөмөрч, зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарч, автомашин нь живсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, нуурын эргээс 10 метрийн зайнаас "Киа бонго-3" загварын ачааны автомашиныг татан гаргасан байна.

Нуурын эргээс 280 орчим метрийн зайд “Тоёота пробокс” загварын суудлын машин байгааг татан гаргахаар ажилласан боловч нуурын мөс хэт нимгэн байгаа тул татан гаргах ажиллагааг түр зогсоожээ.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин голын мөсөнд цөмөрч орсон, автомашинд зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажилласан байна.

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 22 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байгаа тул гол, нуурын мөсөн бүрхүүлийн тогтоц харилцан адилгүй байгаа. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.