"Counter Strike 2" тоглоомын манай улсын "The MongolZ" баг М.Азбаяр буюу "Senzu"-г сэлгээнд суулгаж буйгаа өнгөрсөн шөнө зарлалаа.
Өдгөө 19 настай М.Азбаяр нь 2023 оны есдүгээр сарын 7-нд "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд нэгдэж байлаа. Үүнээс хойш нэгдүгээр зэрэглэлийн хоёр тэмцээнд түрүүлсэн бол гурван тэмцээнд хоёрдугаар байр, дөрвөн тэмцээнд 3-4 дүгээр байр эзэлсэн байна.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард АНУ-ын Остин хотноо зохиогдсон "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнд дэд байрт шалгарсан нь түүний оргил амжилт юм.
"The MongolZ" баг хамгийн сүүлд 2023 он есдүгээр сард "Senzu"-тай гэрээ байгуулснаас хойш бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаагүй. Тэд энэ үед дэлхийн чансааны 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол одоо хоёрдугаар байрт бичигдтэлээ өсөж дэвшсэн билээ.
Тус баг "Senzu"-г сэлгээнд суулгасан мэдэгдэлдээ "Өнгөрсөн хугацаанд The MongolZ CS2 багийн тоглогчид та бүхний сайн мэдэх бүрэлдэхүүнээрээ Монголын цахим спортын хөгжилд шинэ хуудсыг нээж, Counter-Strike тоглоомыг энгийн нэгэн компьютерын тоглоом бус багийн спорт хэмээх үнэт зүйлээр нь олон нийтэд таниулж ирсэн билээ. Гэсэн хэдий ч, тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэж байна.
Энэхүү шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан болно. The MongolZ CS2 баг улирлын үлдсэн тэмцээнүүдэд Stand-In тоглогчтойгоор оролцох болно" хэмээн дурджээ.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд одоогоор Б.Гарьдмангай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Аюуш (mzinho), Б.Өсөхбаяр (910), дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa) нар багтаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!