Нийслэл хотын орон сууцны айл өрхүүдийн халаалт муу байгаа бол гэр хорооллынхонд түлш олдохгүй болжээ.
Түлшний хомстлын талаар "Тавантолгой түлш" компаниас тодруулахад "Хагас коксон болон миддлингийн түлшний 400 цэг тус бүрд өдөрт таван тонн түлшийг олгож байна. Үүний тал нь хагас коксон түлш. Улаанбаатар хотод өдөрт нийт 2,000 тонн түлш борлуулалтын цэгүүдэд хүргэгддэг.
Зүүн үйлдвэр буюу Налайхаас 260 автомашинаар түлшийг тээвэрлэдэг бөгөөд авто замын түгжрэл зэргээс шалтгаалж хотын захуудад байршиж буй борлуулалтын агуулахуудад цагтаа очихгүй байгаа нь үнэн. Тухайлбал нэг цэгт түлш буулгаж байхад нөгөө цэгт дуусаж байх жишээтэй. Түлшний тээвэрлэлтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна.
Өнөөдрөөс 400 цэг тус бүрд нэмэлтээр таван тонн түлшийг хүргэж, нэг цэгээр өдөрт нийт 10 тонн түлшийг худалдаалж эхэлж байна. Ингэхдээ нэг айлд долоо хоногт долоон шуудай түлш худалдах ёстой ч түр хугацаанд гурван шуудайг олгох замаар хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа юм.
Хятадаас өнөөдрийн байдлаар 36,000 тонн хагас коксон түлш ирсэн. Шуудайлсан түлшний нөөц ч талбай дээр бий.
Түлш борлуулах 400 цэг нь долоон дүүрэгт тухайн гудамжны эхний эгнээнд бус 2, 3 дугаар гудамжинд байрлаж байгаа тул иргэд олохгүй хайж явах асуудал гарч байна. Иймд иргэд Hotula аппликэйшнийг хэрэглэж хэвшвэл гэртээ ойр байгаа түлш борлуулах цэгийн хаяг, түлшний нөөцийг харах боломжтой.
Hotula аппликэйшн, Сайн карт, иргэний үнэмлэхийн сонголтоор түлш худалдаж авсан төлбөрийг төлдөг. Энэ жилээс Hotula аппликэйшнийг нэвтрүүлсэн юм. Цахим орчимд ажиллах боломжгүй бол иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж төлбөрөө төлдөг. Арванхоёрдугаар сарын 15-наас Сайн картыг үйлчилгээнээс хасна.
Hotula аппликэйшнийг 176,000 өрх ашиглах ёстой ч 200 мянга болж давхардсан асуудал гарсныг цэгцэлж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Түүний мэдээлснээр нийслэлийн долоон дүүргийн түлш борлуулах цэгүүд өдөр бүр 08:00-22:00 цагийн хооронд ажилладаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!