Өнгөрсөн сард Ютагийн их сургуулийн байранд оюутнуудтай уулзаж байсан Америкийн консерватив хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Чарли Кирк бусдын гарт буудуулж алагдсан билээ.
Трампын ойрын холбоотон байсан түүний аллагыг зөвтгөсөн, сайшаасан, сурталчилсан гадаадын иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа АНУ-ын засаг захиргаа өмнө нь анхааруулж байсан юм.
Тэгвэл төрийн департамент ийм үйлдэл гаргасан гадаадын зургаан иргэний АНУ-ын визийг цуцалснаа өчигдөр мэдэгджээ.
“АНУ нь Америкчуудад үхэл хүсдэг гадаадын иргэдийг нутаг дэвсгэртээ байлгах үүрэг хүлээгээгүй” гэж төрийн департамент сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Визээ цуцлуулсан хүмүүс нь Өмнөд Африк, Аргентин, Мексик, Бразил, Герман, Парагвайн иргэд байжээ.
Тэдний нэг болох Аргентины иргэн сошиал хуудсандаа Киркийг “арьс өнгөөр ялгаварлах, гадаадынхныг үзэн ядах үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч” хэмээн тодорхойлон бичиж байсан гэнэ.
Буруутгагдсан Германы иргэн өөрийн эх хэлээр “фашист үхэхэд ардчилагчид гомдоллох ёсгүй” гэсэн утгатай сэтгэгдэл бичиж байжээ.
АНУ-ын төрийн департамент Киркийн аллагыг зөвтгөсөн гадаадын иргэдийг шийтгэх ажлаа цааш үргэлжлүүлэхийг амласан байна.
Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр Чарли Кирк агсан 32 нас хүрэх байсан юм. Энэ өдөр ерөнхийлөгч Трамп тус улсын иргэдэд олгодог хамгийн дээд шагнал болох эрх чөлөөний одонгоор Киркийг нэхэн шагнасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!