Оюутолгойн зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцээр хийх явц ахицтай байгааг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ хэллээ.
Тэрбээр "Оюутолгойтой холбоотойгоор зээлийн хүү, Онтре гээд хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Хэлэлцээр эхлээгүй байгаа тул нарийн ширийнийг ярих боломжгүй.
Хоёр талаас зээлийн хүнд нөхцөлийг буулгах таатай, цонх үе нь ирээд байгаа. Монгол талаас зээлжих зэрэглэл сайжирсан. Нөгөө талаас 2018 оноос Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа амжилттай эхэлсэн. Технологийн дагуу ухрах алхам байхгүй. Төсөл зогсох, гацах, сунжрах эрсдэл огт байхгүй. Иймд хоёр талаасаа нөхцөлүүдээ тавьж, аль алиныхаа боломжийг сайжруулах, дээшлүүлэх гэрээ хэлэлцээр хийе гэж ойлголцсон.
Бид хоёр хоногийн өмнө хэлэлцээрээ биечилж хийх хүсэлтээ тавьсны дагуу хариу нь өнөөдөр ажил хэрэгч байдлаар шуурхай ирлээ. Захидалд хоёр талаасаа буулт хийе, ойлголцъё, ажил хэрэгчээр хэлэлцээрийнхээ ард гарна гэдэгт итгэж байна. Заасан хугацаанд ирж, биечилж уулзана гэсэн байгаа.
Г.Дамдинням сайдын ахалж байгаа Онтрегийн ажлын хэсэг ойрын хугацаанд мэдээлэл өгөх байх. Хоёр ажлын хэсэг хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байна. Хэлэлцээрүүдийн явцыг тогтмол мэдээлнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!