Хөрш Беларусь улсаас хууль бус бараа тээвэрлэсэн бөмбөлгүүд агаарын орон зайд нь орж ирсний улмаас Литва улсын нийслэл Вильнюс хотын нисэх буудал Ням гарагт хэдэн цагийн турш үйл ажиллагаагаа зогсоожээ.
Сүүлийн өдрүүдэд Европын олон нисэх буудал үл мэдэгдэх дрон агаарын орон зайд нь ажиглагдсан шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдол хэд хэдэн удаа гарсан билээ.
Харин Литва улсын хувьд янжуур тамхи хилээр давуулдаг гелийн хийтэй бөмбөлгүүд чиглэлээ алдаж, Вильнюсийн нисэх буудлын дээр нисэж ирсний улмаас 30 нислэг саатаж, 6,000 орчим зорчигчийн аялал хойшлогджээ.
Нийтдээ 25 ийм бөмбөлөг Литва улсын агаарын орон зайд нэвтэрсний хоёр нь Вильнюсийн нисэх буудалд хүрсэн тухай тус улсын гамшгийн удирдлагын үндэсний төв мэдээлсэн байна.
Эдгээрээс 12 бөмбөлгийг унагахад ачаанаас нь нийтдээ 12,000 хайрцаг тамхи илэрчээ.
Энэхүү саатлын улмаас хөөрөх бүх нислэг цуцлагдаж, газардах ихэнх нислэгүүдийг хөрш Латви, Польшийн буудлууд руу шилжүүлсэн байна.
Копенхаген хотоос ирсэн нэг онгоцыг Дани улс руу буцаажээ.
НАТО-гийн гишүүн Литва улс өнгөрсөн наймдугаар сард дроны аюулаас сэргийлэх зорилгоор хөрш Беларусьтай залгаа хилийн дагуу 90 км урт үргэлжилсэн нислэггүй бүсийг зарлаж байлаа.
Оросын холбоотон Беларусь улстай 679 км урт шугамаар хил залгадаг Литва нь Украины хүчтэй дэмжигч улс юм.
Тус улсын нийслэл Вильнюс хот хилээсээ 30 км зайд оршдог.
Вильнюсийн нисэх буудал нь дамжин өнгөрдөг зорчигчдын тоогоор Латвийн нийслэл Рига хотын нисэх буудлын дараа Балтийн тэнгисийн бүс нутагтаа хоёрдугаарт ордог юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!