Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Дэлхийн эрчим хүчний тав дахь том тоглогч болсон Саудын Арабын компани Монгол Улсад орж ирэхээ зарласан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр "эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажил"-ын талаар Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг танилцууллаа. 



Тэрбээр хэлэхдээ "Монгол Улс 40 жилийн хугацаанд шинэ цахилгаан эх үүсвэр барьж чадаагүй. Төсөв, хөрөнгө оруулалт нь байхгүй, гадаадын хөрөнгө оруулалтгүй, дотоодын хөрөнгө оруулалтгүйн улмаас тог цахилгааны хязгаарлалттай байсан.

Тэгвэл ердөө гуравхан хоногийн өмнө Саудын Арабын “Аква повер” гэх дэлхийн эрчим хүчний тав дахь том тоглогч Монгол Улсад орж ирэхээ албан ёсоор зарлалаа. 

Зургаан сарын хугацаанд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ба нөөцтэй холбоотой судалгааг хийж, шийдвэрээ гаргасан. Үүний үр дүнд 10 гигаватт буюу дор хаяж 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг шийдвэрээ мэдэгдээд явсан. Энэ бол бодит үр дүн.

40 жилийн дараа анх удаа эрчим хүчний салбарт гаднын хөрөнгө оруулалт орж ирэхээ мэдэгдэж байна.

Энэ хөрөнгө оруулалт гурван чиглэлээр орж ирнэ.

  1. Том хэмжээний эх үүсвэр хийнэ. Монгол Улсын өнөөдрийн хэрэглээ 1,800 мегаватт байгаа. Харин боломжит хүчин чадал нь 4,000 мегаватт гэдэг тооцоог гаргасан. Энэ асуудлыг тархмал эх үүсвэрүүдээр шийдье, хөрөнгө оруулалт хийе гэдгээ илэрхийлсэн.
  2. 10,000 мегаваттаас эхлээд том хэмжээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгээд экспортлох ажлыг эхлүүлье.
  3. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж буй энэ үед мэдээллийг хадгалдаг дата төвүүдийн эрчим хүч дандаа цэвэр эрчим хүчээр хийгддэг. Ийшээ хөрөнгө оруулалт хийе гэсэн гурван чиглэлээр шийдвэрээ гаргасан.

Энэ шийдвэр бол эцсийн шийдвэр. Ирэх жилээс бүтээн байгуулалт хийгдээд явна. Үр дүнд нь шууд болон шууд бус байдлаар 50,000 ажлын байр бий болно" гэлээ. 

Мөн "10 гигаваттын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж экспортод оруулсан тохиолдолд жил болгон хоёр тэрбум ам.долларын валютын урсгал орж ирж байгаа. Энэ нь дээш 50-100 гигаваттын хийх бүрэн боломжтой.

Одоогийн байдлаар 3-5 компани нийт 50 гигаваттад хөрөнгө оруулалт хийе гэдгээ мэдэгдээд байгаа.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас 20 жил хамааралтай явлаа. Одоо дараагийн буюу цэвэр эрчим хүчний салбарт гадаадын том тоглогч хөрөнгө оруулагч нар орж ирэх гэж байна" гэв.