Монголд үүсгэн байгуулагдаж, дэлхийн зах зээлд амжилттай тэлж буй финтек компани AND Global нь Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), AEON Financial Service тэргүүтэй нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас 21.4 сая ам.долларын Series B хөрөнгө оруулалт татсан тухайгаа албан ёсоор зарлалаа.
Монгол стартапын хувьд энэхүү хөрөнгө оруулалт нь олон улсын тавцанд итгэл хүлээсэн, түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Дэлхийн банкны судалгаагаар өнөөдөр 1.4 тэрбум насанд хүрэгчид банк болон санхүүгийн байгууллагад албан ёсны дансгүй, санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй хэвээр байна. GSMA-гийн тооцоогоор шинэ зах зээлд оршин буй 400 сая жижиг дунд бизнесийн 345 сая нь албан ёсоор бүртгэлгүй байгаа нь санхүүгийн хүртээмж, бизнесийн албан ёсны оролцооны томоохон саад хэвээр байгааг харуулж байна.
Ийм нөхцөлд, AND Global-ийн хиймэл оюун ухаанд суурилсан финтек шийдлүүд нь Зүүн өмнөд Азийн бүс нутагт бичил, жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх дараагийн шатны хөгжлийг дэмжих стратегийн чухал алхам болж байна.
ОУСК-ийн хөрөнгө оруулалтаар AND Global нь өөрийн технологийн нэгж болох AND Solutions Pte Ltd-ээр дамжуулан хиймэл оюун ухаанд суурилсан финтек шийдлүүдээ улам сайжруулж, дижитал шилжилт хийж буй санхүүгийн байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэхээр зорьж байна. Тус нэгжийн бичиг баримт боловсруулах, зээлийн оноо тогтоох, менежментийн системүүд нь өнөөдрийн байдлаар 11 улсад амжилттай нэвтэрч, идэвхтэй хэрэглэгдэж байна.
Мөн энэхүү түншлэлийн хүрээнд AND Global-ийн охин компани, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК-аар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалын ил тод байдал, эрсдэлийн удирдлага, хариуцлагатай зээл олголтын чиглэлээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
“Энэ бол бидний алсын хараа оновчтой байсныг, баг хамт олны маань тууштай хөдөлмөр, цаашдын өсөн дэвших өндөр чадамжийг нотолсон стратегийн чухал алхам боллоо. Монгол Улсаас төрөн гарсан стартап компанийн хувьд бид зорилгодоо хүрэхийн тулд шинэ сорилт, шинэ боломж бүрийг ашиглан, хуримтлуулсан туршлагаа үнэт хөрөнгө болгон, тогтвортой хөгжил рүү тууштай урагшилж байгаадаа бахархдаг. АНД нь санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, инновацлаг байдлаар хүргэх дээр анхааран ажилладаг. Үүгээрээ бид ОУСК-тай зорилго нэгдэн, утга учиртай, итгэлтэй түншлэлийг эхлүүлж байна. ОУСК-ийн олон улсын туршлага, өргөн цар хүрээ нь бидний нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлж, бүс нутаг болон дэлхийн санхүүгийн салбарт бодит хувь нэмэр оруулах боломжийг улам өргөжүүлнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.” - Баатархүүгийн Хос-Эрдэнэ, AND Global компанийн Гүйцэтгэх захирал.
Хөрөнгө оруулалтад Японы Marubeni Corporation, SBI Holdings, Premium Group зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагууд оролцсон нь AND Global-ийн технологийн шийдлүүдийн ирээдүй, боломж, олон улсын өрсөлдөх чадварыг дахин баталгаажуулж буй хэрэг юм.
ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан “Хүн ам сийрэг тархан суурьшсан Монгол Улсын хувьд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дижитал шийдлүүд асар их үр нөлөөтэй. ОУСК нь технологид суурилсан гарааны бизнесүүдийг дэмжиж, хэрэглэгчдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлснээр ажлын байр бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүд болон залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэн ажилладаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь бидний дээрх зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй чухал алхмуудын нэг юм” хэмээн онцолжээ.
Web | X (Twitter) I LinkedIn | Facebook
АНД Глобал компанийн тухай
2015 онд байгуулагдсан АНД Глобал нь дэвшилтэт технологид суурилсан финтек шийдлүүдийг хөгжүүлдэг Монголын технологийн компани юм. Тус компани Зүүн өмнөд Азийн бүс нутагт технологийн чадамжийг нэмэгдүүлж, санхүүгийн хүртээмжийг тэлэх зорилгоор охин компаниудын хамт үйл ажиллагаа явуулж байна.
АНД Глобал нь Монгол Улсаас анх удаа Microsoft-ийн хиймэл оюун ухааны албан ёсны түнш болж, олон улсын стандартад нийцсэн, технологийн өндөр чадамжтай компани гэдгээ баталсан. Түүнчлэн, санхүүгийн салбарын байгууллагуудын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ухаалаг, шинэлэг технологийн шийдлүүдийг санал болгодог.
Өдгөө тус компани нь Монгол, Япон, Сингапур, Филиппин, Тайланд зэрэг улс дахь албан ёсны төлөөлөгчийн газрууд болон 13 охин компанийн хамт нийт 11 улсад үйл ажиллагаа явуулж, 250 гаруй ажилтантайгаар ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: and.global
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!