Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж, өндөрлөлөө.
Энэ жилийн наадмын чухал онцлог нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар манай улсад төрийн айлчлал хийж, монгол түмний баяр цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхсон явдал байв. Хүндэт зочид баяр наадмын нээлтийн тоглолтыг тольдож, сурын талбай, шагайн харваан асарт зочилж, Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Энэ бүх үйл явдлыг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтмол мэдээлснээр манай улсын тухай томоохон сурталчилгаа боллоо.
Наадмын нээлтийн тоглолт "Мөнхөд гэрэлтэх Монгол" агуулгатай байсан бөгөөд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, 2,500 гаруй уран бүтээлч оролцсон. Нээлтийн тоглолтоос морин хуурын гоцлол дөрвөн хүү олны хайрыг татсан бол "Явдаг төгөлдөр хуур" хошин шийдэл болж, олон нийтийн сүлжээнд сэдэв боллоо. Мөн морьт үзүүлбэрүүд наадамчин түмний сэтгэлийг огшоосон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Монголчууд бид агуу их хааныхаа үр сад, Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их Эзэн хааныхаа суу алдар, үйл хэргийг эрхэмлэн дээдэлж даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл өв соёлыг үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ бататган бэхжүүлж хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө хүчин зүтгэх учиртай" хэмээн онцолсон юм.
Бөхийн барилдаан
Үндэсний бөхийн барилдаан сонирхолтой сайхан болж өнгөрлөө.
Төрийн их наадамд 512 бөх бяр чадал, уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр нар их шөвөгт шалгарсан.
Бөх сонирхогчид их шөвгийн оноолтыг "үе хоорондын өрсөлдөөн" гэж нэрлэх нь ч байлаа. Уран мэхийг уралдуулан барилдсаар Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр тунан үлдсэн.
Улмаар Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяраар ес давснаар улсын наадамд түрүүлж, УЛСЫН АРСЛАН болж байна. Ингэснээр Баянхонгор аймгаас 76 жилийн дараа улсын арслан цолтон төрж буйг бөх тайлбарлагч онцолсон юм.
Энэ жил шинэ цол авсан бөхчүүд:
Улсын начин:
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Шаравдоржийн Отгонтөгс,
- Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бямбадорж
Улсын харцага:
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бэлгүтэй,
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Оюунгэрэлийн Наранбаатар
Хурдан морь
Нас насны морьдын уралдсан дарааллаар айргийн таван морийг танилцуулж байна.
Хязаалан:
Хязаалан насны морьдын уралдаанд 256 хязаалан бүртгүүлснээс 195 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас
- Түрүү магнайд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Б.Гантигийн сартай хүрэнг 10 настай Ц.Түвшинсайхан
- Аман хүзүүнд: Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Лхагвацэрэнгийн халтар халзан үрээг 10 настай Б.Нармандах
- Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн харьяат Б.Гантулгын бор халзанг 13 настай Б.Эрдэнэбилэг
- Айргийн дөрөвт: Архангай аймгийн Чулуут сумын харьяат Ц.Энхболдын халтар үрээг 12 настай Н.Сумъяабазар
- Айргийн тавд: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат А.Наранбаатарын хар ширээтэй саранг найман настай Ц.Цэрэнтогтох унаж хурдлуулав.
Шүдлэн:
Шүдлэн насны морьдын уралдаанд 225 хурдан хүлэг бүртгүүлснээс 131 нь гараанаас хөдөлсөн. Нутаг нутгийн хурдан шүдлэнгүүд төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлэхээр уралдсанаас
- Түрүү магнайд: Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийн борыг есөн настай Н.Боорчи
- Аман хүзүүнд: Завхан аймгийн Яруу сумын харьяат Д.Дагвадоржийн төгс зээрдийг 11 настай С.Баярбаясгалан
- Айргийн гуравт: Төв аймгийн Заамар сумын харьяат Н.Энхтайваны хөх борыг 11 настай Д.Мөнгөнбаатар
- Айргийн дөрөвт: Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээрийг есөн настай А.Түвшинтөгс
- Айргийн тавд: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээрийг 10 настай, эрэгтэй А.Далай-Очир унаж хурдлуулжээ.
Азарга:
Хурдан азарга насны уралдаанд энэ жил нийт 153 азарга бүртгүүлснээс 106 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдлөн, хурд хүчээ сорьсноос
- Түрүү магнайд: Монгол Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоогийн хүрэн халзан азаргыг есөн настай Б.Мөнхбилэг
- Аман хүзүүд: Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Бат-Эрдэнийн ерөөл халзан азаргыг 10 настай Г.Гансүрэн
- Айргийн гуравт: Б.Лхагва-Очирын уясан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын солонго хүрэн азаргыг есөн настай Б.Намчин
- Айргийн дөрөвт: Аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын зээрэн чандмань азаргыг 13 настай Ц.Болд-Эрдэнэ
- Айргийн тавд: Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очирын уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Б.Тогтохын хүрэн халзан азаргыг 10 настай Б.Наранбаатар унаж айргийн тавд хурдлууллаа.
Их нас:
Төрийн их баяр наадмын хурдан их насны уралдаанд нийт 210 морь бүртгүүлснээс 161 нь шандсаа сорин уралдсанаас
- Түрүү магнайд: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач М.Цэрэнжавын хүрэн халзанг найман настай Б.Ерөөлт
- Аман хүзүүнд: Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хурдан халтрыг 12 настай А.Бадар-Ууган
- Айргийн гурав: Төв аймгийн Заамар сумын уяач М.Алтан-Очирын хурдан халтрыг 12 настай С.Өлзийхүү
- Айргийн дөрөвт: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач А.Нямбаатар дөлгөөн халтрыг 11 настай Т.Баянмөнх
- Айргийн тавд: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хул морийг найман настай Г.Жавхлан унаж хурдлуулав.
Соёолон:
Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 195 үрээ бүртгүүлснээс 128 нь гарааны зурхайгаас хөдөлж, төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлэхээр хурд хүчээ сорин уралдсанаас
- Түрүү магнайд: Ховд аймгийн Мянгад сумын харьяат УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул үрээг 14 настай Л.Төгсжаргал
- Аман хүзүүнд: Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Н.Мөнхийн бор үрээг 11 настай Т.Баяртүвшин
- Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Гантулгын хээр үрээг 10 настай Б.Нармандах
- Айргийн дөрөвт: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Аваасүрэнгийн хээр халзанг найман настай М.Амартүвшин
- Айргийн тавд: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Б.Баярмагнайн бор зуузай үрээг есөн настай Н.Боорчи унаж хурдлууллаа.
Даага:
Наадамчин олны хайрыг хамгийн их татдаг хурдан дааганы уралдаанд нийт 240 даага бүртгүүлснээс 123 нь хурд хүчээ сорин уралдсанаас
- Түрүү магнайд: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Мөнгөншагайгийн сартай хээрийг 10 настай М.Энх-Эрдэнэ
- Аман хүзүүнд: Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзанг 13 настай Б.Алтангадас
- Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын хүрэн халзанг найман настай Б.Бат-Орших
- Айргийн дөрөвт: Дорнод аймгийн Матад сумын харьяат Ц.Хэрлэнгийн буурлыг 12 настай М.Төгөлдөр
- Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээрийг 10 настай Л.Даваадорж нар унаж, хурдлууллаа.
Сур харваа
Энэ жилийн наадмын наадмын сур харвааны төрөлд нийт 640 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
- Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Хайдавын Хүрэлтуяа 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлснээр “Улсын мэргэн” цол хүртлээ. Харин эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Чагнаадоржийн Гандаваа 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлснээр “Улсын мэргэн” цолтон болов.
- Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Хөхийн Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлснээр урианхай сурын улсын мэргэн цолын болзол хангасан.
- Буриад сурын харваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, спортын дэд мастер Цэвээндоржийн Ганбаатар 47 оноогоор түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн харваач Загдаагийн Болормаа 44 оноогоор түрүүлж, улсын мэргэний болзол хангасан байна.
Шагайн харваа
2025 оны Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын төрөлд 24 багийн 192 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдэг харваачид тодорлоо.
- Тэргүүн байрт: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай “Ай Транс” ХХК-ийн баг,
- Дэд байрт: Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, Аймгийн гоц мэргэн А.Батбаяр ахлагчтай Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд баг”,
- Гутгаар байрт: Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, Аймгийн гоц мэргэн Д.Гэндэнпил ахлагчтай “Хайрхан өндөр” баг тус тус шалгарлаа.
Уншигч та Үндэсний их баяр наадмын багц мэдээллийг
энд дарж унших боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!