У.Хүрэлсүх: Саруул ухаант өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. 

“Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж буй Үндэсний наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн мэндчилгээг хүргэе.  



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, элэг нэгт монгол ахан дүүс ээ, Их Монгол Улсын гал голомт болсон манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид гийчид ээ.

Эрхэм хүндэт наадамчид аа, мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулж, тулгар төрөө мандуулж, түүх соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.

Монголчууд бид агуу их хааныхаа үр сад, Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их Эзэн хааныхаа суу алдар, үйл хэргийг эрхэмлэн дээдэлж даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл өв соёлыг үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ бататган бэхжүүлж хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө хүчин зүтгэх учиртай.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" хэмээн хэллээ.