Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцсэн байна.
Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусадтай үгсэн тохиролцож, улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм. Анхан шатны шүүхээс З.Энхболдод холбогдох үйлдлийг цагаатгасан бол Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон.
Харин давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын өмгөөлөгчид гомдол гаргаад байсан юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна.
Улмаар хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэснээр уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байгаа юм.
Хэргийн талаар эргэн сануулахад, ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. Тэднийг “нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татсан юм.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 13-нд хэлэлцээд тэдэнд 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах ял оноогоод байсан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 25-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар хоёр дахь удаагаа буюу 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр уг хэргийг хэлэлцээд З.Энхболдын хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланд 2 жил хорих ял оноо шийдвэр гаргасан юм.
Ийнхүү УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уг хэргийг гурав дахь удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэх болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!