Уншиж байна ...
Зураг
Зураг

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 10,000-ыг давлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны хоёрдугаар сард улаанбурхан өвчний эхний тохиолдол батлагдаж байв.

Үүнээс хойш бараг таван сарын хугацаанд батлагдсан тохиолдлын тоо 10,000-ыг давлаа. Тодруулбал 2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний 10,065 тохиолдол батлагдаад буйг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. 

Одоогоор 8,405 нь эдгэрч, эмнэлэгт 646, гэрээр 1,014 хүүхэд эмчлүүлж байна. Харамсалтайгаар долоон хүүхэд дээрх өвчний улмаас эндсэн юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлыг эрэмбэлбэл:

  • хөнгөн 65
  • дунд 538
  • хүнд 40
  • нэн хүнд гурав байна. 

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг есөн сар болон хоёр настайд товлолын дагуу хийдэг. Гэхдээ өвчний нөхцөл байдлаас шалтгаалж 6-8 сартайд нь хийх шийдвэрийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас гаргасан. Түүнчлэн улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор ХӨСҮТ зургаадугаар сарын 28, долдугаар сарын 5-ны Бямба гарагт ажиллахаар болоод буй.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг нягталж, вакцинд дутуу хамрагдсан байвал яаралтай өрх, сумынхаа эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

зураг