Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна
Нотариатын үйлчилгээ нь төрөөс иргэнийхээ өмнө хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгын дор бий болсон төрийн үйлчилгээний нэг бөгөөд нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, үнэний баталгаа болох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Монгол Улсын нотариат нь Ардын Засгийн газрын 1925 оны 38-р хуралдаанаар Шүүх явдлын яамны Ерөнхий хэлтэст “Гэрээ зэргийг гэрчлэх, батлах, хэргийг эрхлэх салаа” нэртэйгээр байгуулагдсан нь чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын хувьд өнөөгийн байр суурийг эзлэн хууль ёсыг бэхжүүлэх, иргэдэд эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх замаар нийгэмд чухал үүрэг гүйцэтгэсээр, 100 жилтэйгээ золгож байна.
Энэхүү түүхт 100 жилийн ойн хүрээнд 2025 оны 06 сарын 27-ны өдөр Монголын Нотариатчдын Танхимын удирдлагууд, ажилтан, албан хаагч, нийт гишүүн нотариатч, ахмад нотариатч, нотариатчийн туслах ажилтнууд болон Олон Улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны Азийн Хэрэг Эрхлэх Комиссын гишүүн улсууд болох Япон, БНСУ, Хятад, Вьетнам, Узбекистан, Казахстан Улсын нотариатын байгууллага, мөн Герман, Франц, ОХУ, Хорват, Сенегал, Бенин, Мексик, Косово, Албани зэрэг 16 орны 60 гаруй төлөөлөгчид цуглаж, Төрийн ордонд хүндэтгэлийн хурлаа зохион байгууллаа.
Тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Олон Улсын Нотариатын Холбооны Ерөнхийлөгч баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Ийнхүү төрийн бүтцэд хэлтсийн хэмжээнд үүсэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нотариатын байгууллага нь өдгөө мэргэжлийн хуульч, нотариатчдыг эгнээндээ нэгтгэж, үйлчилгээгээ XXI зууны дэвшилтэт технологид суурилуулж, нотариатын үйлчилгээг цахим хэлбэрээр гүйцэтгэж, иргэд төрийн “e-mongolia” системээр дамжуулан өөрийн гэрчлүүлсэн нотариатын үйлдлийн архивын баримтыг хуулбарлан авах боломжтой болсон томоохон амжилттайгаар түүхт ойгоо угтаж байгаа нь нотариатын байгууллагын үйл ажиллагаа хөгжлийн шинэ шатанд хүрсэн болохыг харуулж байна.
Нотариатын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ирсэн үе үеийн ажилтан, албан хаагч, Монголын Нотариатчдын Танхимын нийт гишүүн нотариатч, хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын болон сумын Засаг дарга Тамгын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Та бүхэндээ Монголын Улсад нотариатын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн халуун баярын мэндийг хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

