"Дулааны Цахилгаан Станц(ДЦС) 3"-т гарсан осол, түүнийг хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах зүйлс зэрэг асуудлаар Эрчим Хүчний Яам(ЭХЯ)-нд өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар ажиллалаа.
Энэ үеэрээ Ерөнхий сайд "Удирдлага менежментийн хувьд дотоод аюулгүй байдал, албан хаагчдад тавих хяналтын тогтолцоог оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Харуул хамгаалалтын бүсэд тулж газар олгосон, барилга байшин барьсан, хязгаарлалтын торон хашаа татаагүй зэрэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
Учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийхэд хамгаалалтын шатанд гэхэд 10 гаруй асуудал гарсан байна. Кибер аюулгүй байдлын асуудал ч салан задгай байгаа. Улсын онц чухал объектын аюулгүй байдал, террорист халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, тэслэх болон тэсэлгээний бодисын талаар ажилтнууддаа сургалт орох хэрэгтэй.
Ийм хэмжээний аваар Монгол Улсын эрчим хүчний салбарт өмнө нь гарч байгаагүй. Том дохио, санамж өгч байна гэдгийг анхаарч ажилла. Тоног төхөөрөмжөө хаанаас авч байгаадаа дүгнэлт хийж, нийлүүлсэн компаниудын шаардлага тавих хэрэгтэй. Өнөөдөр санхүүжилтийг нь шийдлээ гэхэд хэзээ ашиглалтад орох вэ гэх зэрэг олон асуудлыг деталиар харж, сайн ярьж шийдэх хэрэгтэй байгаа. Мэргэжлийн хүмүүс, инженер техникийн ажилтнуудынхаа үгийг сайтар сонсох нь зүйтэй" гэв.
Мөн албаны уулзалтын дараа сэтгүүлчид "ДЦС 3" ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатараас нөхцөл байдлын тодруулав.
- Томоохон осол гарсны улмаас 2025-2026 оны халаалтын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байгаа. Энэ талаар танаас тодруулъя. Өвөлжилтийг хэрхэн даван туулах вэ?
- 2025-2026 оны өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд зургаадугаар сарын 2-7-нд тэг зогсолт хийх графикийн дагуу ажиллаж байсан. Хамгийн сүүлийн тоноглол болох IX машиныг зогсоох явцад гэмтэл гарч, осол болсноор томоохон асуудал үүслээ.
Жилийн эхнээс төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд графикийн дагуу хийгдэж байна. Өвлийн бэлтгэл ажлын хангалт өнөөдрийн байдлаар 45 орчим хувьтай байгаа. IX машин зогссон ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох цагдаа, тагнуулын байгууллагын шалгалт хийгдэж байна. Мөн техникийн хувьд гарсан гэмтлийг тодорхойлохоор ажлын хэсэг ажиллаж байна.
Гэмтсэн IX машин руу орох зөвшөөрөл ирээгүй учир эцсийн дүгнэлт гараагүй, хохирлын дүн гараагүй байгаа учраас дараагийн авах арга хэмжээ нь хүлээгдэж байна.
- Халаалтын улирал эхлэхээс өмнө гэмтлийг бүрэн засаж, хэвийн ажиллуулах боломж бий юу?
- Энэ өвөл IX турбин генератор ажилд орохгүй, хэдий алдагдал гарах ч дулааны үйлдвэрлэлээ өнгөрсөн өвлийн хэмжээнд байлгахаар ажлаа зохион байгуулж байгаа. Зарим төхөөрөмж нэмж авах, дулаанжуулалтын төхөөрөмжөө найдваржуулах арга хэмжээг авч эхэлсэн.
- Дулааны станцын тоног төхөөрөмжүүд бэлэн байдаггүй учраас авчирч угсрахад хугацаа хэрэгтэй гэж инженер, мэргэжилтнүүд яриад байгаа?
- Зөвхөн IX турбин генераторын хувьд энэ өвөл ажиллахгүй, засагдахгүй. Шинэчлэхээс өөр аргагүй. Гадна үзлэгээс тэгж харагдаж байгаа. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй тул ямар ямар тоноглол ажиллах, ямар нь ажиллахгүй талаар бид урьдчилсан байдлаар л ярьж байгаа.
Дулаанжуулалтын тоноглолын хувьд энэ өвөл ажиллуулна. Өөрөөр хэлбэл зуухныхаа үйлдвэрлэсэн уурыг бууруулан хөргөх шугамаар дулааны халаагчуудаа ажиллуулах бололцоотой.
- ДЦС III дулаанаар 100 хувь хангах уу, эсвэл үйлдвэрлэх хэмжээгээ бууруулах уу?
- Дулааны хувьд өнгөрсөн өвлийн хэмжээгээрээ үйлдвэрлэнэ.
- Танай станц нийт хэдэн турбинтэй вэ, нэг нь огт ажиллахааргүй болж байгаа учир ачааллыг яаж зохицуулах вэ?
- Есөн турбинтэй. Манайд олон жилийн турш өргөтгөл шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн өвөл салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гараад нэг машин буюу VII машин ажиллаагүй. Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс одоог хүртэл ажиллаагүй. Энэ машины цилиндрийг сольж, арванхоёрдугаар сарын 1-нд ажиллуулж эхлэхээр гэрээ хийсэн. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 1-нд ажилд орвол 25 мВт-ын турбин генератор ажилд орно.
- Бусад турбин генераторын нөхцөл байдал ямар байна вэ?
- Манай байгууллагын турбин генераторуудын асуудал хүнд байгаа. Манайх хоёр станцтай.
Дунд даралтын станцын дөрвөн машины ашиглах хугацаа нь дөрвүүлээ дууссан. Гэхдээ ажиллуулдаг. Одоогоор төлөвлөгөөт зогсолттой байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлнэ.
Өндөр даралтын станцад таван машин бий. Үүний нэг нь гэмтэл гараад сая зогслоо. Нэг машин нь өнгөрсөн жил зогссон гэдгийг өмнө нь хэллээ. Мөн V машин нь VII машин шигээ болсон. Өнгөрсөн өвөл салбарын хяналтын газар зогсоох шаардлагыг өгсөн ч өвлийн ачааллыг давахын тулд V машиныг ажиллуулсан.
- Турбин генераторыг бүхэлд нь шинэчлэх үнэ өртөг хэд байдаг вэ?
- Турбин генератор нь маш олон туслах тоноглолоос бүрддэг. Өөрөө ч тусдаа үнэтэй.
Турбин генератор IX машин бол анх 34 багц хөрөнгөөр санхүү дээр бүртгэгдсэн байдаг. Эндээс хэд нь гэмтсэн, хэд нь ашиглах боломжтой талаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Хохирлын хэмжээ гараагүй учраас тодорхой зүйл хэлж чадахгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!