Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Батбаатар: Төв банканд байгаа эрхийн хүрээнд тухайн банкны дансыг ажлын гурван өдрийн дотор царцаах боломжтой

П.Зоригт, IKON.MN
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр "Цахим гэмт хэргийн замаар олсон мөнгийг хүлээн авч байгаа дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах буюу царцаана" гэдгийг Цагдаагийн дэд хурандаа С.Тайван хэлж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар дараах хариултыг хэллээ. 

Тэрбээр "Төв банк нь хууль сахиулах байгууллага болон бусад эрх бүхий төрийн байгууллагатай хамтран Телеграм болон цахим залилангаас сэргийлэх чиглэлд ажиллана. 

Холбогдох мэдээллийг банкуудаас түргэн шуурхай авч өгөх, холбох, дансанд хязгаарлалт тавих, царцаах үйл ажиллагааг тогтмол хийж байна.

Төв банканд байгаа эрхийн хүрээнд тухайн банкны дансыг ажлын гурван өдрийн дотор царцаах боломжтой.

Хууль сахиулах байгууллагаас тодорхой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, гүйцэтгэх ажиллагаа явсны үндсэнд прокурорын зөвшөөрлөөр хугацаандаа царцааж тухайн хэргийг шийдээд явах боломжтой" гэдгийг хэлэв. 

Мөн "Сүүлийн жилүүдэд олон улсад гарч байгаа гэмт хэргүүд буюу төлбөр тооцоо болон санхүүгийн эх үүсвэрээ нуун дарагдуулах үйл ажиллагаа нь крипто валют руу илүүтэй шилжсэн. Мөн адилтгах койн зэрэг бусад хөрөнгө рүү шилжсэн байна.

Манай улсад үйлдэгдэж байгаа цахим залилангийн эх үүсвэр нь тодорхой банкуудаар дамжсаны үндсэнд хүмүүсийн дансыг ашиглаж, крипто валют руу ороод цааш алга болж байна. 

Энэ чиглэлд төрийн байгууллагуудтай тогтол хамтран ажиллаж байгаа" гэлээ.