Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзварт газ ачиж явсан машин суудлын машин мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах төлбөрт нийслэлээс сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна хэмээн мэдээлж байсан юм.
Уг байрны оршин суугчдын зүгээс "Ерөнхий сайд анхааралдаа авна уу, төр шийдвэр гаргаж чадахгүй байна. Бид цөхөрч байна. Түрээсийн хугацаа дуусаад хөөгдлөө. Хэдий болтол түрээсийн байранд амьдрах вэ. Бидний эрх ашиг зөрчигдсөөр байна. Стандартгүй зах, ААН, орц, гарц, хяналтгүй төр. Шийдэл биш бөөрөнхий хариултаар аргацаасан төр" гэсэн эсэргүүцлийг галд өртсөн орон сууцны гадна талд байршуулжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!