Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргасан байна.
Шүүхээс Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноож, нээлттэй хорих ангид шийтгэлийг эдлүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дээрх бүх зүйлчлэлд гэм буруутайд тооцсон байна.
Шүүхийн албан мэдээ:
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад зарласан.
Уг шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшуулах” хүсэлтийг ирүүлсэн.
Өмгөөлөгч Б.Баатарсайханаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан хойшилсон бол шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хойшлуулж, тухайн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийхээр зарласан бөгөөд өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хурал нь уг хурлаас хойш зарлагдсан хурал байсан ба өмгөөлөгч О.Батсүх нь ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлэлгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн болно.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нь хүрэлцэн ирсэн тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан гэж дүгнэн өмгөөлөгч Б.Баатарсайханаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч Д.Оросоогоос өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нь өмгөөлөгчөөсөө татгалзах, өөрийгөө өмгөөлөх эрх нь түүний хуулиар олгогдсон эрх тул түүний хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох тохиолдол биш учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!