Уншиж байна ...

Биед нь спирт үйлдвэрлэгдэж байдаг Бельгийн иргэн согтуугаар жолоо барьсны шийтгэлээ шүүхээр цуцлуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бодисын солилцооны маш ховор эмгэгтэй Бельгийн иргэн эрэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанаар шийтгүүлсэн байсныг Даваа гарагт шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхээс нэрийг нь нууцалсан 40 настай энэ хүн ABS (Auto-Brewery Syndrome) хэмээх маш ховор эмгэгтэй юм байна. Ийм эмгэгтэй хүний ходоодонд орсон нүүрс ус исэж, цусан дахь этилийн спиртийн хэмжээг нь нэмэгдүүлж байдаг.

Одоогоор дэлхий даяар ердөө 20 хүн ABS эмгэгтэй нь албан ёсоор оношлогдсон байдаг бөгөөд үйлчлүүлэгч нь ийм эмгэгтэй болохыг гурван өөр эмчийн оношилгоогоор баталсныг өмгөөлөгч Ансе Гескере хэвлэлд ярьсан байна.

Шүүх уг хэрэгт хуулиар тодорхойлогдоогүй хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнээд цагдаагийн оноосон шийтгэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Заргалдагч эрэгтэй 2022 оны дөрөвдүгээр сард цагдаад саатуулагдахад цусан дахь спиртийн хэмжээ нь 0.91 мг байсан байна.

Сарын дараа дахин шалгуулахад литр тутамд 0.71 мг спирт илэрч байжээ.

Бельгийн хуулиар жолоо барихыг зөвшөөрсөн дээд хязгаар 0.22 мг байдаг. Үүний улмаас тэр жолооны эрхээ цуцлуулж, мөнгөн торгуулиар шийтгүүлж байжээ.

Өмнө нь бас хэд хэдэн удаа ийм зөрчлөөр цагдаа нарт саатуулагдаж байсан эрэгтэй хамгийн сүүлийн тохиолдлыг хүртэл өөрийгөө ABS эмгэгтэйг мэддэггүй байжээ.

Тэрбээр одоо цусан дахь спиртийн хэмжээгээ бага байлгахын тулд нүүрс ус багатай хоолны дэглэмд шилжиж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP