Уншиж байна ...

Оросын авиа компани тариан талбайд газардсан Airbus A320 онгоцоо хаяхаас өөр аргагүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Оросын иргэний агаарын тээврийн Урал Айрлайнз компанийн Airbus A320 нисэх онгоц өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Сибирийн тариан талбайд хэвтэж байгаа юм.

Шатахууны нөөцтэй холбоотой техникийн доголдлын улмаас нисгэгч уг онгоцыг тариан талбайд буулгахаас өөр аргагүй болж байв.

Онгоцонд зорчиж явсан 170 орчим хүн эсэн мэнд газардаж, Урал Айрлайнз тэдэнд тус бүр $1,100 орчимтой тэнцэх нөхөн төлбөр олгож байжээ.

Тэр үеэс хойш онгоцоо дахин хөөргөх янз бүрийн арга сэдэж байсан ч хөрөнгө мөнгө, ложистикийн олон асуудлын улмаас хаяхаас өөр аргагүй болсон тухай тус компанийн төлөөлөгч Пүрэв гарагт Известия сонин мэдээлсэн байна.

“Бид бүх эрсдэлийг үнэлж байгаа бөгөөд Airbus үйлдвэрлэгчээс дэмжлэг үзүүлэхгүй байгаа одоогийн нөхцөлд уг онгоцыг дахин зорчигч тээврийн зориулалтаар ашиглаж чадахгүйд хүрээд байна” гэж Урал Айрлайнзын төлөөлөгч ярьжээ.

Компани өмнө нь онгоцоо хөөргөх янз бүрийн санааг судалж байсан юм. Тухайлбал өвлийн улиралд хөрсийг хөлдөөх замаар, эсвэл бетон хавтангуудаар нэг удаагийн гүйлтийн зам байгуулах зэрэг аргуудыг ярьж байжээ.

Гэвч тариан талбайн хөрсний нягтрал ингэх боломжгүй болгосон байна.

Бас хавтангуудыг алслагдсан тариан талбайд тээвэрлэн хүргэхэд хүндрэлтэй байжээ. Онгоц газардсан уг талбай нь Новосибирск хотоос 200 км орчим зайтай оршдог юм.

Онгоцыг цаашдаа тэнд нь хадгалах ч зардлын хувьд хэцүү болсон байна.

Тухайлбал онгоцыг зэврүүлж муутгахгүй байх арчилгаа үйлчилгээ, газрын түрээс, харуул хамгаалалтад Урал Айрлайнз өнөөдрийг хүртэл нийтдээ 10.5 сая рубль ($112,000) зарцуулаад байгаа ажээ.

Одоо компани онгоцыг задалж, эд анги тус бүрээр нь нисдэг тэргээр зөөх боломжийг судалж байгаа гэнэ.

Украины дайны улмаас Оросын авиа компаниуд Boeing, Airbus зэрэг томоохон үйлдвэрлэгчдээс онгоц, сэлбэг, үйлчилгээ авах боломжгүй болоод байгаа.

Тиймээс тариан талбайд газардсан уг онгоцыг сэлбэгийн зориулалтаар задалж ашиглах магадлал өндөр байна. Одоо Оросын компаниуд хуучин онгоцнуудаа задлах, Хятад, Иран зэрэг улсуудаас хуучин сэлбэг худалдаж авах замаар засвар үйлчилгээний хэрэгцээгээ хангаж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider