Уншиж байна ...

Хөрсний ус ашиглалт, барилгуудын хүнд жин Хятадын томоохон хотуудын талыг “живүүлж” байгааг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөрсний ус ашиглалт, байшин барилгуудын хүнд жингийн улмаас Хятадын томоохон хотуудын бараг тал орчим нь аажмаар “живж” буйг судлаачид тогтоожээ.

Хамгийн хурдтай живж буй хотуудын хувьд суултын хурд жилд 10 мм орчим байгаа гэнэ.

Энэ үзэгдлийн улмаас эрэг орчмын хотууд далайн усанд автаж, олон сая хүнд аюул занал учруулж болзошгүйг судлаачид анхааруулжээ.

Хятадын томоохон хотууд олон арван жилийн өмнөөс хөрсний суултын асуудалтай тулгарч эхэлсэн байдаг.

Тухайлбал Шанхай, Тяньжин хотуудын суултын шинж тэмдэг бүр 1920-оод оноос ажиглагдаж эхэлжээ.

Шанхай хотыг сүүлийн 100 жилийн хугацаанд 3 метр гаруйгаар доош суусан гэж үздэг.

Орчин үеийн эрчимтэй хотжилт үүнийг бүр хурдасгах болжээ.

зураг
 
Хамгийн хурдтай `живж буй` хотуудын байршил

Хятадын хэд хэдэн том их сургуулийн эрдэмтдийн нэгдсэн баг уг асуудлын дүр зургийг тодруулахын тулд хоёр саяас дээш оршин суугчтай 82 хотын хөрсний суултыг судалсан байна.

Тэд Sentinel-1 хиймэл дагуулаас авсан мэдээллийг боловсруулан хотуудын босоо чиглэлийн шилжилт хөдөлгөөнийг хэмжжээ.

Ингэхэд сонгосон хотуудын 45 хувь нь 2015-2022 оны хооронд жил бүр хамгийн багадаа 3 мм-ээр доош суусныг тогтоосон байна.

Хотуудын 10 хувьд ийм суулт жилийн 10 мм-ээс дээш хэмжээтэй байжээ. Энэхүү хамгийн хурдтай “живж буй” хотуудад нийтдээ 67 сая хүн амьдардаг юм байна.

Хотуудын суултад олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн гол хоёр нь хөрсний усны хэт их ашиглалт, байшин барилгуудын жин болжээ.

Оршин суугчдаа хангах зорилгоор хөрсний усыг хэт ашигласантай холбоотой хямрал Хьюстон, Мехико, Шинэ Дели зэрэг дэлхийн бусад том хотуудад ч нүүрлээд байгаа.

“Хөрсний ус олборлолтыг суултын хамгийн гол хүчин зүйл гэж би үзэж байна” гэж уг судалгаанд оролцоогүй Британийн Ийст Англиа их сургуулийн профессор Роберт Николлс дүгнэжээ.

2020 оны байдлаар Хятадын газар нутгийн 6 хувь далайн түвшнээс нам өндөрт оршиж байсан байна.

Хэрвээ нөхцөл байдал одоогийнхоос өөрчлөгдөхгүй бол ирэх 100 жилийн дотор энэ хэмжээ 26 хувьд хүрэх тооцоо гарчээ.

Гэхдээ хотуудын суулттай зөв бодлого стратегиар тэмцээд амжилт олсон түүх байгааг эрдэмтэд дурдаж байна.

“20 дугаар зууны турш Токио хотын эрэг орчмын хэсэг 5 метрээр доош сууж байсан. Гэхдээ 1970-аад оноос эхлэн тус хотод хөрсний ус ашиглахыг хориглож, өөр бүс нутгаас хоолойгоор дамжуулан ус ашиглах болсон нь суултыг үндсэндээ зогсоосон байдаг” гэж профессор Николлс ярьжээ.

Хятадын эрдэмтдийн гүйцэтгэсэн судалгааны тайлан өчигдөр Science сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC