Уншиж байна ...

Жао Жичиан: Улаанбаатарын таван өдрийн аялал 10,000-15,000 юань. Гэтэл Тайландад зургаан хоног аялахад 2,500-5,000 юань байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Tourism Week 2024 аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр дөрөв дэх өдрөө боллоо. 

Энэ үеэр БНХАУ дахь Монгол Улсын аялал жуулчлалын зах зээлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх Монгол Улсын Аялал жуулчлалын элч Жао Жичиан Монгол аялал жуулчлалаараа дамжуулан Хятадын жуулчдыг хэрхэн татах талаар илтгэл танилцуулав. 

Тэрбээр "Хятадын зах зээлд Монголын аялал жуулчлалын сурталчилгааг нэвтрүүлэхдээ Хятад хүмүүсийн ашигладаг платформууд дээр хэрхэн сурталчлах талаар илүү анхаарах хэрэгтэй. 

Хятадуудын ашигладаг Baidu хайлтаас "Монгол аялал" болон "Монгол Улсын аялал" гэж хайсан боловч илэрц гарч ирээгүй. Үүнээс монголчууд Хятад руу сурталчилгаагаа явуулаагүй, зах зээлийг нь судлаагүй байна гэдгийг харж байна. 

Ctrip аялал жуулчлалын сайтаас Хятадын аялагчид аяллаа сонгодог. Уг сайтад Монголтой холбоотой 18 бүтээгдэхүүн байгаа бөгөөд Хятадад "Бээжин", Монголд "Улаанбаатар" уулзалтын гол цэг бөгөөд аяллын мөчлөг нь голчлон долоо хоног байна. Виз авахад 750 юаниас эхэлж байна. Цахим виз 500 юаниас эхэлж байна" гэв. 

Хятад жуулчид Монголын талаар боддог сөрөг болон эерэг бодол: 

  • Хэлний бэрхшээл 
  • Гүнзгий ойлголттой биш 
  • Дэд бүтэц хангалтгүй 
  • Аюулгүй байдал санаа зовоодог 
  • өргөн уудам тал нутаг 
  • байгалийн нөөц ихтэй 
  • байгалийн унаган төрхтэй 
  • найрсаг дипломат харилцаатай 

"Монголын аялал үнэхээр үнэтэй байдаг учраас хятад жуулчид ирдэггүй"

Үргэлжлүүлэн тэрбээр Монголын аялал үнэхээр үнэтэй байдаг учраас хятад жуулчид ирдэггүй гэдгийг онцлоод дараах тоо баримтыг онцлов. 

Монгол Улсын аялал жуулчлалыг ижил мөчлөгт Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй харьцуулахад Монголынх гурав дахин өндөр байна. 

зураг
 

Улаанбаатарын 5 өдөр 4 шөнийн хувийн аялал 10,000-15,000 юань байна. Монгол+ Орос 15-18 өдрийн аялал 19,000-25,000 юанийн үнэтэй байна. Гэтэл Тайландад 6 өдөр 5 шөнө аялахад 2,500-5,000 юань байна. 

Түүнчлэн Герман, Итали, Швейцарь, Францаар аялах 12 өдрийн аялал 18,000-27,000 юань болдог гэв.