Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чарли Коддериц: Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард иргэдэд үйлчилнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулж байна.

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дүүжин тээврийн төслийн ТЭЗҮ-г Улаанбаатар хотын Захиргаатай хамтран боловсруулж, 2023 онд батлуулжээ. Судалгаагаар хүн амын нягтаршил их зэрэг олон үзүүлэлтийг үндэслэж, дүүжин тээврийн шугамын байршлыг сонгосон байна.

Уг төслийг хуулбарлах боломжгүй, судалгааг үндэслэн зөвхөн Улаанбаатарын нөхцөлд тохируулж хийж байгаа юм гэдгийг Францын "Пома" компанийн төслийн менежер хэллээ.

Улаанбаатар хотод хэрэгжих дүүжин тээврийн төслийн танилцуулга:

  • Яармаг өмнөд буудал, Хархорин зах хойд буудал байна.
  • Туул гол, Трансмонголын төмөр замын дээгүүр явна.

4,250 метр урт зайд дүүжин тээвэр явна. 19 цамхагтай, зорчих хугацаа 11 минут, нэг секундэд 6 метрээр урагшлах хурдтай. Нэг бүхээгт 10 зорчигч байна. Үзэгдэх орчин сайтай.

4.2 км замыг 11 минутад туулах, нэг талдаа 2,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаар дүүжин тээврийн шугамыг суурилуулна.

Дүүжин тээврийн бүхээгийн суудал халдаг байх шийдэлтэй.

Төслийн явцын тухайд мэдээлснээр 2023 оны зургаадугаар сард түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулжээ. Төлөвлөлтийн дагуу ажлууд хийгдэж, Улаанбаатар хотын төслийн нэгжтэй олон удаагийн уулзалтыг хийж байгаа аж.

Францын Пома компани одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж эхэлсэн бол Улаанбаатар хотын удирдлагууд дүүжин тээврийн буудал баригдах газрыг чөлөөлөх ажлыг шийджээ.

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 2024 онд эхэлнэ. Туршилт, тохируулга 2025 онд хийгдэж, мөн оны арванхоёрдугаар сард иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөснийг танилцууллаа.

Дүүжин тээврийн бүхээгийн өнгийг сонгох талаар төслийн нэгжтэй ярилцаж байгаа бөгөөд удахгүй эцсийн хувилбар гарах байх гэв.

Франц улсаас Улаанбаатарт байнга ирж, төслийн нэгжтэй ярилцдаг болохыг Францын "Пома" компанийн төслийн менежер Чарли Коддериц тодотгов.