Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Чимэдсүрэн: Монголын хүн амын зургаан хувь нь АРХИНД донтсон, эмэгтэйчүүдийн 10 хувь нь ТАМХИ татдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн-Хүн амын эрүүл мэнд" олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийг өнгөрсөн Мягмар гарагт зохион байгуулсан. 

Тус хэлэлцүүлэгт

  • Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль
  • Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэн
  • Монголын Анагаах ухааны академи зэрэг эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцож, Монголын хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. 

Энэ үеэр "Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах бодлогын интервенц" сэдвийн хүрээнд "Эрүүл монгол хүн" төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Анагаах ухааны доктор О.Чимэдсүрэнгийн танилцуулсан илтгэлээс хүргэж байна. 

Монголчуудын архи, тамхины хэт хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг тэрбээр танилцуулсан юм. 


Архины улмаас цаг бусын нас баралт 

  • Дэлхийд дунджаар 100,000 хүн амд 37
  • Монголд 100,000 хүн амд 123 байна. 

Дэлхий нийтэд архины хэрэглээнээс үүдсэн эмгэг нийт өвчлөлийн 1.4 хувийг эзэлдэг бол Монголд 6.2 хувиар өндөр байгаа юм. 

Монголд архины хэрэглээ маш өндөр байгаа учраас элэгний хорт хавдрын өвчлөл зонхилон тохиолдож буй. 

График1:  Монгол эрчүүдийн дунд бүртгэгдэж буй хорт хавдар (нэг жилд)

Түүнчлэн эрчүүд зам тээврийн осолд их өртөж байна. Архи, тамхины хэт хэрэглээ, осол гэмтэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 насаар бага насалж байгаа юм. 

зураг
 

Тамхины хэрэглээ нийт хүн амд 20 гаруй хувьтай. Тодруулбал 

  • Эрчүүдийн 50 орчим хувь нь
  • Эмэгтэйчүүдийн бараг 10 хувь нь тамхи татдаг.

Хүн амын зургаан хувь нь архинд донтсон. Энэ мэтчилэн архи, тамхины хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл үүсэж байна. 

Иймд архины борлуулалтын үнэд эзлэх онцгой албан татварыг өөрчилж, хуульд шинэчлэл оруулъя гэдэг санаачилгыг хэлэлцэж байгаа юм. 

зураг
 

Татварын бодлогын үр нөлөөний тойм судалгааг танилцуулъя. Татварыг 10 хувь нэмэхэд хэрэглээ дараах жишгээр буурдаг. 

Тодруулбал 

  • Шар айраг 5%
  • Дарс 6.4%
  • Архи, спирт 7.9%

Монгол Улсын хэмжээнд эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэд (2018 оны байдлаар) 

зураг
 
Эх сурвалж: `Эрүүл монгол хүн` төсөл, хөтөлбөр

Зарим улс орны жишиг арга хэмжээг танилцуулъя. 

Канад улсын жишиг: Хамгийн бага үнэтэй согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмэхэд:

  • Согтууруулах ундааны шалтгаант нас баралт 1.7 хувь
  • Архины шалтгаанд эмнэлэгт хэвтэлт 8.95 хувь
  • Зам тээврийн осол 18.1 хувь
  • Хүчирхийлэл, зөрчил 9.2-9.4 хувиар тус тус буурсан

АНУ-ын жишиг: 

  • Архи, согтууруулах ундааг 10 центээр нэмэхэд авто осол долоон хувь, элэгний цирроз 32 хувь,
  • Пивоны үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуусын заг хүйтэн есөн хувь, тэмбүү 33 хувиар буурсан

Дэлхийн улс орнууд архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагааг явуулахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Safer гэх санаачилгыг хэрэгжүүлдэг.

  • Архи, тамхиныхаа хүртээмж олдцыг багасгадаг.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг чангатгадаг
  • Архинд донтсон болон эрсдэлтэй хэрэглэгч хүн ам руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийдэг. 
  • Далд сурталчилгааг хориглодог. 
  • Онцгой албан татвар, үнийн асуудлыг хөнддөг гэдгийг Анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн хэлж байлаа.