Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бямбажаргал: Өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүйг Үндсэн хуульд заасан

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 457.3 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 компанид эзэмшүүлсэн байгаа нь "Нүүрсний хулгай"-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр ил болсон. 

Газар нутаг нь улсын үндэс, бүрэн бүтэн байдлын эх байтал гаднын аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлж байна.

Уг асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Авлигатай Тэмцэх Газарт хандаад байгаа бол өнөөдөр Ерөнхийлөгч яаралтай шалгах, үр дүнг олон нийтэд мэдээлэх чиглэлийг Засгийн газарт өгснийг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Хэдхэн сарын өмнө УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 хүртэлх жилээр газар эзэмшүүлэх тухай тусгаж байв. Гэхдээ тухайн үед мөн олны эсэргүүцэлтэй тулснаар УИХ хэлэлцэлгүй орхисон юм. 

Энэ мэтчилэн газрын харилцаанд гадаадын иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулах, эзэмшүүлэх харилцааны талаар эрх зүйн ямар орчин байгааг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөс тодрууллаа. 

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал "Монгол Улсын Үндсэн хуулийн эхэнд төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж тунхагласан. Монгол Улс нь нэг Үндсэн хуультай. Үүнд нийцсэн хууль тогтоомжуудтай.

Газрыг ашиглуулахтай холбоотойгоор Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно гэж заасан. 

Хууль зүйн хувьд ашиглах, эзэмших гэж ойлголт бий. Эзэмшүүлэх харилцаанд онцгойлсон зүйл нь зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гэж Үндсэн хуульдаа зааж өгсөн

Хэрэв тухайн иргэн өмчлөлийн хүрээнд шилжүүлэх бол төрийн байгууллагаас тодорхой заасан нөхцөл, болзол, журам мөн тодорхой этгээдэд бэлэглэх, худалдах хүрээнд төр хяналт тавих тухай ч Үндсэн хуульдаа заасан цөөн улсын нэг. 

Газар бол улсын үндэс. Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшүүлж, ашиглуулж болохгүй. Ингэхдээ гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд гэж Үндсэн хуульдаа заасан. Үүнд нийцэж л бусад хууль тогтоомж гарах ёстой. Үндсэн хуулиас давсан хууль байх боломжгүй. 

Үндсэн хуульдаа нийцсэн Газрын хуультай, Үндсэн хуульдаа нийцсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай байснаар эдгээр нь нэг мөр хэрэгжинэ. 

Дахин хэлэхэд өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүйг Үндсэн хуульд заасан. Энэ бол онцгой зохицуулалт" гэв.