Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Тус хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 хүртэлх жилээр газар эзэмшүүлэх тухай туссан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.

Энэ талаар мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тодруулбал "Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт сануулсан" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр дээрх хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхдөө "Уг хуулийн төслийн Засгийн газарт буцаах саналтайгаар хойшлуулсан. Хөрөнгө оруулалтын чуулганы өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх тухай яригдсан. Үүнийг дагалдаад Газрын тухай хуульд газрыг 60 жилээр ашиглуулна, 40 жилээр сунгана гэсэн заалт орж ирсэн байсан. 

Хууль зүйн байнгын хорооноос Газрын тухай хуулийг газрын цогц реформтой уялдуулж шийдвэрлэх ёстой гэсэн санал дүгнэлт гаргасан учраас үүнийг хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн" гэсэн юм.