Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

П.Эрхэмбулган: Томуугийн өвчлөл идэвхжих үед 2,000 гаруй ор дэлгэхээр төлөвлөлт хийсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр/2023.12.02 /мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улирал эхэлж, нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн долоо хоногт 112,100 амбулаторийн үзлэг хийгдсэнээс 6,000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл нийт амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуугийн өвчлөл эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг болон өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийслэлийн хэмжээнд томуугаар өвдсөн хүүхдийг хэвтүүлэн эмчлэх 815 ор байдаг. Томуу идэвхжих үед 1,450 ор дэлгэхээр төлөвлөлт хийсэн. ЭМЯ-ны харьяа байгууллагуудад  575 ор дэлгэх боломжтой. Нийт 2,000 гаруй ор нөөцөд бий гэсэн үг.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 1,067 ор дэлгэгдсэнээс 95%-д нь иргэд хэвтэн эмчлүүлж байна.

БНХАУ-ын Манжуур, Бээжин хотод томуугийн өвчлөл хүндэрч, уушгины хатгаа болж байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний мөрөөр ДЭМБ-аас БНХАУ-д асуулга тавьж, тус улс ямар нэгэн шинэ үүсгэгч биш, томуугийн кластер хэлбэрээр өвчлөл үүсгэж, уушгины хатгаанд хүргэж байна гэсэн тайлбарыг өгсөн.

Манай улсын хувьд уг өвчний талаар ХӨСҮТ-өөс иргэдэд зөвлөгөө өгсөн. Тус эмнэлэг томуугийн тандалт судалгааг долоо хоног тутам хийж, дүнг мэдээлдэг.

Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд иргэд шууд эмнэлэгт хэвтэнэ гэсэн хүлээлттэй байж болохгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ахуйн орчинд авах шаардлагатай байна.

Эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдээ дулаан хувцаслах, хоол хүнсэнд нь анхаарах, олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүлгэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөе" гэв.