Уул уурхай эрчимжиж эхэлсэн цагаас л улсаас хамгийн бага төсөв авдаг аймгуудын тоонд орсоор ирсэн Өмнөговь аймаг уул уурхайн санхүүжилтээр хэрхэн хөгжиж байна вэ?
Найман жилийн өмнө "Оюу Толгой" ХХК Өмнөговь аймаг, Ханбогд сумтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, 30 жилийн хугацаатай, цаашид сунгах нөхцөлтэйгөөр жил бүр тус орон нутагт 5 сая ам.доллар шилжүүлж байхаар болсон билээ.
Тэгвэл энэ мөнгө хэрхэн зарцуулагдаж байна вэ? Хүрэх ёстой хүмүүстээ хүрч орон нутаг хөгжиж чадаж байна уу гэдгийг мэдэхийн тулд уг санхүүжилтийг зохицуулж байдаг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаатай танилцах хэрэгтэй болно.
Уг 100 ТЭРБУМ төгрөгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо, хөрөнгө оруулсан мөнгөн дүнг сум тус бүрээр нь харвал:
/Тоон мэдээлэл дээр дарж болон нэрээр нь сонгож дэлгэрэнгүйг харна уу/
Уул уурхайгаар дамжин Улсын төсвөөс хуваарилагдах дүнгээс ч их мөнгөөр тус орон нутгийг санхүүжүүлж байгаа нь улсын мөнгөөр баригдаж болох байсан нэг ч гэсэн сургууль, цэцэрлэгийн төсвийг хэмнэж, хувь нэмэр оруулж чадаж байгаа явдал гэдгийг тус сангийн мэргэжилтэн хэлж байв.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалт болон Улсын төсөв: /2021, 2022 он/
Тухайлбал санхүүжилт авч эхэлсэн үе буюу 2015 онд Өмнөговь аймагт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж багатай зөвхөн Даланзадгадад гэхэд 700 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байжээ. Иймд нийт 400 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгийг байгуулснаар төслийн санхүүжилт эхэлсэн түүхтэй аж.
Өдгөө тус сан нь аяган бялууны жижиг бизнесээс эхлээд түүх соёлын үнэтэй өвүүдийг сурталчлах музей хүртэл нийт 59 бизнес, 353 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн 568 шинэ ажлын байрыг бий болгож, 405 оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.
Санхүүжилтийг зөв зохистой зарцуулахын тулд зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалтыг аймгийн Тамгын газраас авдаг байна.
Төслүүдээс онцолбол:
Бусад эх үүсвэрээс санхүүжилт хүлээгээд олон жил гацсан ч "Говийн оюу хөгжлийн сан"-гийн санхүүжилтээр баригдаж чадсан томоохон төслүүдийн нэг нь "Говийн байгаль, түүхийн музей" юм.
Музей 2022 онд ашиглалтад орсон бөгөөд мөн ондоо Монгол Улсын шилдэг барилгаар шалгарчээ. Уг музей нь олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ онцлог болж байгаа аж.
Музей нь уул уурхай, ашигт малтмал болон эртний түүх буюу үлэг гүрвэлийг үзүүлэх дэглэлтийг оруулсан нийтдээ 3,000 үзвэртэй аж. Өнгөрсөн зун тус музейгээр жуулчид их үйлчлүүлсэн гэдгийг музейн захирал Ц.Отгонтуяа онцолж байв.
Сангаас авсан санхүүжилтийн хэмжээ: 975,000,000 төгрөг
Өмнөговь аймагт өмнө нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байхгүй байсан учир орон нутгийн иргэд, байгууллага, уул уурхайн байгууллагуудын ажилчдын хүнсний эрүүл ахуйн нөхцөл хангагдаж чаддаггүй байжээ. Мөн малчид малаа орон нутагтаа зах зээлийн жишиг үнээр борлуулах, орон нутгийн энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд эрүүл ахуйн стандартад нийцсэн мах хөлдөөж, хадгалах агуулах шаардлагатай байсан аж.
Иймд энэ чиглэлийн бизнесийн байгууллагыг аймаг болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас дэмжиж уг мах боловсруулах үйлдвэрийг барьсан байна.
Тус үйлдвэр нь Өмнөговь аймгийн бүх сумаас болон Дундговь аймгаас бог малын мах авдаг аж. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш аймгийн малчид махаа тасралтгүй нийлүүлж байгаа бөгөөд үйлдвэр дээр 16 нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн гаргадаг. Бэлтгэсэн бүтээгдэхүүнээ уул уурхайн компаниуд болон аймаг, Улаанбаатар руу гаргаж ажиллаж байгаа юм байна.
Зургаан цэцэрлэг, хоёр сургууль, гурван эмнэлэг зэрэг бусад хэрэгжүүлсэн төслүүд:
Хэрэгжүүлсэн төслүүд | |
---|---|
6 цэцэрлэгийн барилга | Бүрэн тохижуулсан 1 музейн барилга, музейн тохижилт-5 төсөл |
2 сургуулийн барилга |
2 удаагийн мал угаалга-Өмнөговь аймгийн 15,010 малчин өрх (давхардсан тоогоор) |
3 сумын эрүүл мэндийн төвийн барилга, малын эрүүл мэндийн төвийн барилга | Ногооны хүлэмж-550 ширхэг |
108 шинэ худаг, 44 худаг засвар | 1 махны үйлдвэр, 1 цэвэр усны үйлдвэр, 1 арьс шир үйлдвэр |
3 сумын уурын зуух, тогоо шинэчлэл, усаар үнс зайлуулах систем суурилуулалт | Тоног төхөөрөмж нийлүүлэлт, тохижилт-162 төсөл |
Сургалт, судалгааны төсөл-35 | Түүх соёлын дурсгалт зүйл хадгалалт, хамгаалалтын ажил-9 |
Мод үржүүлэг, усалгааны систем суурилуулалт-12 |
3.2 км цахилгааны шугам, шугамын өргөтгөл 1, дэд станц 2 |
Тохижилт, үйлчилгээ-43 төсөл | 6.5км ус зайлуулах шугам, 11.08 бохир усны шугам, 9.5 км цэвэр усны шугам |
1 өвс тэжээлийн агуулах | 1 спорт заал |
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь жилийн нийт санхүүжилтийнхээ 6%-ийг Өмнөговийн ирээдүй хойч үеийнхэнд зориулан “Өмнөговийн ирээдүй хойч үеийн төлөө сан” хэлбэрээр дараах гурван чиглэлд хуваарилдаг аж.
"Говийн Оюу- Бизнесийн боломж" бизнесийн бичил зээлийн жилийн хүү 7.2%, буюу сарын хүү 0.6% бөгөөд бизнесийн төрлөөс хамаарч 100 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой аж. Сүүлийн найман жилд үйлдвэрлэлийн чиглэлд хамгийн их зээл олгосон байна.
Өмнөговь аймагт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутнуудад олгодог Говийн Оюу-оюутны тэтгэлэг хамрагдсан оюутнуудын 70 гаруй хувь нь төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ орон нутагтаа ажиллаж байгаа аж.
Орон нутагт олгосон 3 тэрбум төгрөгийн хандив тусламжийн хувьд тэмдэглэлт ой, наадамд 317 сая төгрөг олгосон бол онцгой байдал, өвс тэжээлд хамгийн их буюу 2.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Өмнөговь аймгийн хүүхэд залуучуудад зориулан жил бүрийн нийт санхүүжилтийн 2%-ийг 10 жилийн хугацаатай хадгаламжид байршуулж байгаа юм байна.
2016 оноос эхэлсэн уг хадгаламжид одоогийн байдлаар 2.3 тэрбум төгрөг хуримтлагджээ.
Тус аймагт сүүлийн жилүүдэд зөвхөн нутгийн уугуул иргэд ч гэлтгүй Улаанбаатараас эхнэр, нөхрөө даган ирж ажиллах хүмүүсийн тоо олширч байгаа аж. Иймд тэдгээр хүний орон нутагт удаан хугацаагаар суурьшуулахын тулд сургууль, цэцэрлэгийн тоог нэмж амьдрах таатай орчныг бүрдүүлэх төслүүдийг санхүүжүүлж байна гэдгийг албаныхан онцлон хэлж байв.
Үргэлжлэл бий... Ханбогд сумын хөгжил
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!