Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Уугангэрэл: Допингийн асуудлаар хуйвалдаан зохион байгуулсан зүйл байхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МОНАДА байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Уугангэрэл мэдээлэл өгөв.

Тэрбээр МОНАДА байгууллагын ерөнхийлөгчөөр өнөөдөр сонгогдсон бөгөөд хууль, хяналтын байгууллагад ажиллаж байжээ. Засаг төр, спорт, олимпын хороодтой хамтран ажиллаж чадах итгэл үнэмшил бий учир энэ ажлыг хийхийг зөвшөөрсөн. Спорттой ойр боловч урд нь энэ байгууллагад ажиллаж байгаагүй гэдгээ мэдээллийн эхэнд хэллээ.

Ц.Уугангэрэл "Олон улсын допингийн эсрэг конвенцыг биелүүлэхэд анхаарал тавьж өнөөдөр нэгмөсөн шийдвэрлэсэнд Засгийн газарт МОНАДА байгууллагын зүгээс баярласнаа илэрхийлье.

Байдал тэгтлээ хэцүү болчхоогүй. WADA-гийн стандарт, шаардлага байдаг. Ямар нэг зөрчил гаргахад засахгүй бол ирээдүйн эрсдэл нь Цагаан тугийн дор орж болзошгүй гэж улс болгонд тавьдаг шаардлага.

WADA-гаас тавьсан зөрчлүүд нь шинжилгээтэй холбоотой. 2021 онд КОВИД-оос үүдэн шинжилгээнүүд тээврийн бололцооноос шалтгаалж хоцорсон тал бий.

Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн төлбөрийн асуудлыг Засгийн газар шуурхай шийдвэрлэсэн. Ингэснээр WADA-гаас тавьсан зургаан зөрчлийн нэгийг нь биелүүлсэн. Үлдсэн тавынх нь гурав нь шийдэгдсэн. Тамирчдаас шинжилгээ авна, тийм болохоор шинжилгээний асуудал он дуустал үргэлжилнэ. Шинжилгээ авах ажлыг манайх муу хийгээгүй юм билээ. Шинжилгээг хаалттай авсан нь тамирчдын эрхийн асуудалтай холбоотой. 

Тамирчдын биологийн паспорт гэдэг юмыг нэхэж эхэлж байна. Энэ нь цусны шинжилгээ юм. Үүнийг шинээр хийх гэж байгаа. БНСУ-ын лабораторитой өчигдөр орой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал зөвшөөрөгдсөн, энэ долоо хоногт баталчихвал цусны шинжилгээг авна. Цусны шинжилгээ авах хүний нөөц болон савыг бэлдсэн, санхүүжилт шийдэгдсэн байгаа. Нэр заагдсан тамирчдаас цусны шинжилгээ авч, БНСУ-ын лаборатори руу явуулна.

МОНАДА байгууллагад шинэ хүмүүсийг оруулах, өргөн хүрээллийг хамруулах, вэб сайтаа хөгжүүлэх, мэдээллээ нийтэд ил тод байлгах, гүйцэтгэх засаглалын менежментийг сайжруулах асуудал бий. Манай байгууллагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр улсын төсөвт тусгасан байгаад талархал илэрхийлье" гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Ажлаа аваад удаагүй болохоор өмнөх зарим асуудлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд үндэсний бөхөөс авсан, лаборатори руу явуулсан шинжилгээ хууль дүрэм зөрчөөгүй. Асуудалд орсон тамирчин ч үүнийг мэдэж байгаа. Тамирчинтай уулзсан, сорьцыг өгсөн. Монголчууд бидэнд ёсзүйгүй асуудлаар уучлалт гуйдаг эр зориг байх ёстой. Энэ жил 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад  нэг бөхөөс л илэрлээ, бусад нь цэвэрхэн байна шүү дээ. Хуйвалдаан зохион байгуулсан зүйл байхгүй" хэмээн хариулав.