Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийлээ

ikon.mn
2023 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц  Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын ерөнхийлөгч нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.

зураг
 

Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа.

Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.

Хоёр улсын ерөнхийлөгчийн хамтарсан тунхаглал:

  1. Хоёр улсын хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, иргэний хамгаалалт болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт бэхжүүлнэ.
  1. Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, улс төрийн зөвлөлдөх уулзалт, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжинэ.
  1. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, феминист дипломат үйл ажиллагаа болон олон улсын байгууллагын сонгууль зэрэг асуудлаар тогтмол зөвлөлдөнө.
  1. Батлан хамгаалах салбарт хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжинэ. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлнэ.
  1. Иргэний хамгаалалтын салбарт хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулна.
  1. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Францын худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийг онцгойлон дэмжинэ.
  1. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлан Монгол, Францын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх ерөнхий систем /GSP+/-ийг бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
  1. Энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  1. Тогтвортой хөгжлийн салбарт онцгой ач холбогдол өгч, Франц Улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлнэ.
  1. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллана.
  1. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сард Франц Улсын Клэрмон-Фэрран хотод болсон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочноор оролцсоныг сайшааж, мал аж ахуй, бүтээгдэхүүний гарал үүсэл, газар зүйн заалт, хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  1. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.
  1. Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлнэ.
  1. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлнэ. Чингэхдээ хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч болон энхийн зорилготой цацраг идэвхт ашигт малтмалын салбарт боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлнэ. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжинэ.
  1. Соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлнэ. Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч дэмжинэ.  Үзэсгэлэнг Монгол Улс болон бусад улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
  1. Кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах чиглэлээр ажиллана.
  1. Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжинэ.
  1. Монголын тал Парис 2024 олон улсын олимпын наадам, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулахад францын талд амжилт хүсэж, биеийн тамир, спортын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов.
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМОНХА